Ноолуур бэлтгэхэд зориулан үйлдвэрлэгчдэд 500 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаас гаргалаа. Ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тэднийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих зорилгоор ийнхүү шийдвэрлэсэн байна. Үүний хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага болон арилжааны банкны эх үүсвэрээр үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох аж. Ноолуур экспортлогч компаниудын гүйцэтгэлийн болон гадаад худалдааны төлбөр тооцооны эрсдэлийг бууруулах, барьцаа хөрөнгийн хүндрэлийг шийдвэрлэхийн тулд экспортын гэрээ, агуулах дахь түүхий эдийн үлдэгдлийг барьцаалж зээл олгохоор төлөвлөсөн байна. Үйлдвэрлэгчдэд олгох зээлийн хүүгийн 13 нэгж хүртэл хувийг төсвөөс гаргах бөгөөд уг ажлыг хариуцан зохион байгуулах үүргийг Засгийн газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайд нарт даалгав.
Түүнчлэн ирэх хаврын тариалалтад зориулан үрийн буудайн үнийг 30, хүнсний ногооныхыг 80 хувиар хөнгөлөх шийдвэр гаргасныг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэдээлэв. Ирэх хоёр жилийн хугацаанд манай улс хүнсний ногооныхоо хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах зорилт тавьсныг тэрбээр онцоллоо. Мөн “Энэ хавар 5.5 сая үхэр ээмэгжүүлнэ. Ингэснээр мал, махны гарал үүслийг тодорхойлоход дөхөм болох юм” гэж тэрбээр тэмдэглэв.