Манай улс 2021 онд 13.9, өнгөрсөн жил 12.5 мянга орчим тонн давс импортлоход нийт 4.5 сая гаруй ам.доллар зарцуулсныг Гаалийн ерөнхий газрын тайланд дурджээ. Үүний дийлэнхийг БНХАУ, ОХУ-аас оруулж ирдэг аж. Ер нь улсын хэмжээнд давс, шүүний (хүнсний бус зориулалттай давс, хужир) жилийн хэрэглээ 20 мянган тонн байгаагаас цахилгаан станцууд усаа зөөлрүүлэх, цэвэршүүлэх зорилгоор 3000, замын халтиргаа, гулгаа арилгахад 5000 тонныг хэрэглэн басмалын тэжээл, арьс, ширний үйлдвэрт ашигладаг. Тэгвэл дотоодын үйлдвэрүүдээс жилд 1000-2000 тонн хүнсний давс нийлүүлдгийг ХХААХҮЯ-наас мэдээлэв.
Давсны хэрэглээ их ч дотоодод үйлдвэрлэж буй хэмжээ нь бага байгаа нь дараах хүчин зүйлээсшалтгаалдаггэж болох юм. Үүнд давсны үйлдвэрүүд импортын хямд бүтээгдэхүүнтэй өрсөлдөн, томорч бэхжин, нийлүүлэлтээ өсгөж чадахгүй нь нөлөөлж буй аж. Энэ талаар Завхан аймгийн Сантмаргац сумын Дэвтээрийн нуураас давс олборлон, нийлүүлдэг “Завхан баялаг” компанийн Улаанбаатар дахь салбар “Баялаг органик” компанийн захирал Ю.Бат-Эрдэнэ “Монголд давсны үйлдвэрүүдийн тоо сүүлийн жилүүдэд өсөж буйч ашиг орлого тийм ч сайнгүй, үйл ажиллагаа нь хязгаарлагдмал, орон нутгийн шинж чанартай байгаа. Энэ нь давс олборлох болон бүтээгдэхүүн тээвэрлэх зардал ихтэй холбоотой. Тодруулбал, Монголд Завханы Дэвтээр, Увсын Шүдэн уул, Дорнодын Сангийн далай гэсэн гурван томоохон давсны орд бий. Гэтэл тухайн орчинд дэд бүтэц, цахилгаан байхгүйгээс аж ахуйн нэгжүүд анхан шатны угаалт хийгээгүй давсаа өндөр үнээр тээвэрлэн үйлдвэртээ хүргэдэг. Давс олборлох орчин үеийн тоног төхөөрөмж байхгүй, технологи нэвтрүүлээгүй, уламжлалт аргаар олборлодог тул зардал их гаргадаг. Хэрэв давсны ордын орчимд цахилгаан, дэд бүтэцтэй, техник, тоног төхөөрөмж сайтай байвал зардал буурч, олборлолт, нийлүүлэлт ч өснө. Энэ бол зөвхөн манай биш, нийт үйлдвэрлэгчийн зовлон” хэмээн ярилаа.
Одоогоор улсын хэмжээнд давс боловсруулж, иоджуулж, савладаг найман үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг аж. Тэдгээрийн нийлүүлж буй бүтээгдэхүүн хүн амын хүнсний хэрэгцээний 10 хувийг л хангаж байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Дотоодын нийлүүлэлт ийм бага байгаа нь давсны томоохон ордуудад цахилгааны үүсгүүр, дэд бүтэцгүй, орд ашиглах төлбөр өндөртэй холбоотой гэнэ. Энэ талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн “Давсны нэг га газар ашиглах төлбөр нэг га алтны орд ашиглахтай тэнцэх хэмжээний өндөр гэхэд болно. Өндөр зардал гарган, төлбөр төлж давс олборлохоор хөрөнгө оруулах иргэн, аж ахуйн нэгж цөөн гэсэн үг. Мөн импортын татвар бага учраас давсны үйлдвэрлэл хөгжихгүй, импортын хамаарал буурахгүй байна. Бид Дорнод, Увс, Завхан, Өмнөговь аймгийн давсны ордууд руу цахилгаан татах, дэд бүтэц бий болгох зорилготой. Орд ашигласны төлбөрт өөрчлөлт оруулах, боловсруулах үйлдвэрүүдэд урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, шаардлагатай тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөх, ажилчдыг чадавхжуулах, гадаадын туршлага нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа” гэлээ. Үүнээс гадна давс олборлох хугацаа богино(жил бүрийн 4-6, 9-10 дугаар сард олборлодог), механикжуулалтын түвшин муу учраас ажиллах нөхцөл хүнд, хөдөлмөрийн бүтээмж бага, хүн хүч олдохгүй зэрэг бэрхшээл учруулдаг байна.
Монголын геологийн холбооноос давсны томоохон зургаан ордын давс, мөсөн шүүний нөөцөөр дотоодын хэрэглээгээ 3500 жил хангах бүрэн боломжтой гэсэн дүгнэлтийг 2017 онд гаргаж байжээ. Мөн давсны хэрэглээ, үйлдвэрлэлийн талаар судлан, сүүлийн 10 жилд давсны ордод хайгуул хийн, ашиглаж байсан цөөнгүй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосныг тус холбооноос дурдсан. Тодруулбал, давс олборлогчдын зөвшөөрлийг “Урт нэртэй” хуулийн хүрээнд цуцалсан бөгөөд Монголын геологийн холбоо нь давс, мөсөн шүүний хайгуул хийх аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эл хуулийг эргэн харах хүсэлтийг УУХҮЯ, БОАЖЯ-нд 2020 онд хүргүүлсэн юм байна.
Тэгвэл БОАЖЯ-ны Усны бодлого, зохицуулалтын газраас давсны орд газар шинээр ашиглахад тавих шаардлага, усны нөөц бүхий газарт эрдэс бодис олборлоход ямар хяналт тавьдгийг тодрууллаа. Тус газрын мэргэжилтэн “Нуурын давсыг технологийн дагуу зохистой ашиглах шаардлагыг л манайхаас тавьдаг. Үүний хэрэгжилтийг орон нутаг дахь холбогдох байгууллагууд нь хянадаг. Одоогоор манай яаманд усны сав бүхий газраас давс олборлох сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжүүд ямар нэгэн саад тулгарлаа гэж хандаагүй. Хэрэв ХХААХҮЯ-наас тэнд, тийм ордоос давс шинээр олборлоно гэсэн судалгаа, хүсэлт ирүүлбэл хянаж үзээд манай зүгээс шаардагдах зөвшөөрлийг өгнө. “Урт нэртэй” хуулийн хүрээнд улсын хамгаалалтад оруулсан давс болон бусад баялаг бүхий нуур, гол бий. Үүнийг тал талаас нь магадлан, саналаа нэгтгэх шаардлагатай байгаа нь үнэн. Бид түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох асуудлыг хялбаршуулах зорилгоор Засгийн газарт зарим санал хүргүүлэхээр судлан, ажиллаж байна. Үүнд давсны орд багтсан” гэв.
Монголчууд давс их хэрэглэдэг ард түмэнд тооцогддог. Хоногт 11.1, ялангуяа баруун аймгуудын иргэд 15.6 грамм давс хэрэглэж буй нь ДЭМБ-ын зөвлөмжидзааснаасдаруй хоёр дахин өндөр дүн юм. Бидний нийтлэг хэрэглэдэг хүнсний 81.6, хоолны 83.6 хувь нь давс ихтэй ангилалд хамаардаг бөгөөд давсны 46.2 хувийг цайнаас, 33.5-ыг хоолноос, 20.3-ыг бусад бүтээгдэхүүнээс авдаг аж. Тэгвэл ийм өндөр хэрэглээтэй давсны чанарын асуудлыг хөндөх хүн цөөнгүй байна. Дотоодын үйлдвэрүүд нуураас олборлосон эрдэслэг, шүлтлэг, хужиртай, ягаан чулуутай байгалийн гэх бүтээгдэхүүнээ санал болгох нь нэмэгдсэн. Гэтэл нуураас шууд авч хэрэглэдэг давс нь эрдэс чулуулаг ихтэй байдгаас хүний биед шингэхгүй, үений шохойжилт, бөөр, давсагны чулуу үүсгэх магадлалтай гэнэ. Дээр дурдсанчлан, давсаа угаалгүй үйлдвэрүүд рүүгээ тээвэрлэдэг нь эрдэс чулуулаг ихтэй бүтээгдэхүүн гарах нөхцөл бүрдүүлдэг гэж ойлгож болох юм. Нөгөөтээгүүр, импортоор оруулж ирдэг давсны найрлага, хольж боловсруулсан иодны чанарт ямар байгууллага хяналт тавьдаг нь эргэлзээтэй байна. Заримкомпанийнхан бүтээгдэхүүний дээжээ хуучнаар МХЕГ-ын лабораторид шинжлүүлж, гэрчилгээ авснаа дурдсан. Харин өдгөө МХЕГ татан буугдсан учраас ямар байгууллага, ямар зарчмаар хяналт тавих нь тодорхойгүй болжээ.