Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний 362 дугаар тогтоолоор Монголын хөрөнгийн биржээр дамжуулан экспортын нүүрсийг нээлттэй цахимаар арилжихаар шийдвэрлэсэн. Улмаар өнгөрсөн сарын 12-нд туршилтын цахим арилжааг зохион байгуулсан билээ. Тэгвэл дуудлага арилжааны хуваарь гаргасныг тус биржээс өнгөрсөн бямба гарагт мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 9-нд “Эрдэнэс Тавантолгой” компанийн таван багц буюу 32 000 тонн хатуу коксжих нүүрс арилжих нь. Мөн маргааш нь тус компанийн 10 багц буюу 64 000 тонн ийм нүүрс арилжих аж. Эдгээр арилжаа 10.00 цагт эхлэх гэнэ.
Борлуулсан нүүрсийг нийлүүлэх цэг нь БНХАУ-ын Ганцмодны боомт дахь худалдан авагчийн нэрлэсэн гаалийн хяналтын бүс байх аж. Дээрх өдрүүдэд арилжсан бүтээгдэхүүнийг хүргэж өгөх хугацаа нь ирэх гуравдугаар сарын 16 (нийлүүлэлтийн сүүлийн өдөр) байх нь. Дуудах доод үнийн хувьд тонн нь 178.6 ам.доллар гэнэ. Дуудах үед үнэ өсгөх хамгийн бага дүн 0.5 “ногоон” аж. Тэгвэл 9-ний өдөр дэнчингийн хэмжээ 571 520, маргааш нь 1 143 040 ам.доллар байх нь. Худалдан авагч тал чингэлэг болон түүнтэй холбогдох бүхий л зардлыг хариуцах юм байна. Тодруулбал, 9-нд арилжих нүүрсийг худалдан авсан тал 200, дараа өдөрт нь борлуулсан бүтээгдэхүүнийг авбал 400 чингэлэг бэлтгэх шаардлагатай гэнэ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний чанарын үзүүлэлтийг дээрх биржийн цахим хуудаснаас харах боломжтой.