Хан-Уул дүүргийн V хорооны нэгэн иргэн “Би БНСУ, АНУ-д нийт 11 жил ажиллаж, амьдраад 2022 оны хоёрдугаар сард эх орондоо ирсэн. Гадаадад ажиллаж, байхдаа найдвартайг нь бодолцон, банканд мөнгөө хадгалуулж байлаа. Ялангуяа сүүлийн 6-7 жил сар бүр тогтмол дүнгийн төгрөгийг хадгаламждаа хийсэн. Барагцаалбал зургаан жилд 150 сая гаруй төгрөг цуглуулж, хадгалуулсан бөгөөд хүү нь 58 сая болжээ. Бага мөнгө биш ч, инфляц, үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлттэй харьцуулахад чамлалттай санагдсан. Гэтэл таван жилийн өмнө 100 сая төгрөгөөр гурван өрөө орон сууц худалдаж авсан хүний үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өдгөө 300 сая орчимд хүрч, гурав дахин нэмэгдсэн байна. Эсвэл мөнгөө ам.доллароор хадгалуулсан бол ханш нь нэлээд чангарах байж. Банк найдвартай боловч өгөөж муутай юм” гэж ярив.
Баянгол дүүргийн иргэн Ч “Ямар ч хүн хөрөнгөө өсгөж, мөнгөө арвижуулахыг хичээнэ. Манай гэр бүлийнхэн ярилцаад 2018 онд нэгэн барилгын компанид 300 сая төгрөгийн хөрөнгө оруулсан. Тус компанийн хэрэгжүүлж буй төслийг ашиглалтад оруулсны дараа буюу 4-5 жил болоод 2-4 өрөө, гурван орон сууц авахаар тохирсон юм. Гэтэл цар тахал дэгдэн, тухайн компанийн ажил зогсонги байдалд орж, барилгын материалын үнэ огцом өссөн. Үүний улмаас өдгөө гурван өрөө нэг л орон сууц, эсвэл мөнгийг маань буцааж өгье хэмээн компанийн захирал нь хэлээд, маргаан үүсгээд явж байна. 2018 онд 300 сая төгрөг одоогийнхоос харьцангуй “чанга” байсан. Гэтэл өдгөө 100 ам метр талбайтай байр авч хүрэхгүй болжээ. Бид мөнгөө ямар ч хүүгүй зээлүүлсэн болж таарлаа” гэсэн юм. Энэ бол хөрөнгөө өсгөхөөр хичээсэн хүмүүсийн жишээ. Бидэнд уг нь банкнаас бусад салбарт мөнгөө “хадгалуулж” ашиг хүртэх боломж бий. Энэ талаар хөндье.
Манай улсад хөрөнгийн зах зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөн бий болгох, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх, иргэд, олон нийтийн хүртэх өгөөжийг дээшлүүлэх зорилгоор Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг 2014 оноос хэрэгжүүлж эхлүүлсэн. Үүнээс хойш хөрөнгийн зах зээлд төдийлөн өөрчлөлт ажиглагдахгүй 6-7 жил өнгөрсөн байна. Энэ нь уг зах зээлийн талаарх иргэдийн ойлголт бага, мөн ажиллах мэргэжилтэн, байгууллага цөөн байсантай холбоотой аж. Харин 2021 оноос хөрөнгө оруулалтын хамтын сангууд бий болж, хөрөнгийн зах зээлийг сонирхох иргэдийн тоо ч өсжээ. Өдгөө манай улсад хөрөнгө оруулалтын сан, ийм санд аудит хийх эрхтэй 20 орчим байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Хөрөнгө оруулалтын сангуудыг хамтын, хувийн гэж ангилдаг. Хамтын хөрөнгө оруулалтын сан нь нээлттэй, эсвэл хаалттай хүрээнд үйл ажиллагаа явуулна. Түүнчлэн хувийн хөрөнгө оруулалтын санг хаалттай гэж ойлгож болох юм. Нээлттэй сан нь олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг удирдан, мөнгийг нь өсгөж өгөх зорилготой бөгөөд иргэд оруулсан хөрөнгөө эргүүлэн авах буюу сангийнхаа нэгж эрхийг зарж болдог. Харин хаалттай сан нь тодорхой тооны иргэн, аж ахуйн нэгжийг хамруулан зорилтот дүнгээр хөрөнгө босгоод үйл ажиллагаа явуулдаг. Ийм сангийн нэгж эрхийг хөрөнгө оруулагч зарах болбол заавал хоёрдогч зах зээлд арилжих учиртай болдог. Хэрэв хоёрдогч зах зээлд худалдан авагч олдохгүй, ханш нь унавал алдагдал хүлээх, хугацаа алдах эрсдэл үүсэх талтай. Түүнчлэн аль ч сан хөрөнгө оруулагчдадаа төдөн хувийн өгөөж хүртээнэ гэсэн амлалт өгдөггүй, амлахгүй байхыг хуульд тусгажээ. Энэ талаар хөрөнгө оруулалтын менежментийн “Ашид ассет” компанийн гүйцэтгэх захирал А.Батпүрэв “Монголд хөрөнгө оруулалтын сангууд үйл ажиллагаа явуулж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд үйлчилж эхлээд төдийлөн удаагүй. Олзуурхууштай нь ийм сангуудтай хамтран ажиллах, хөрөнгөө удирдуулах хүсэлтэй иргэдийн тоо өдөр ирэх бүр нэмэгдсээр байна. Гэхдээ иргэдийн олонх нь хэдий хэр хөрөнгийг ямар хугацаанд байршуулж, хэдэн төгрөгийн ашгийг хэзээ хүртэх талаар л лавладаг. Ийм хандлагаар хөрөнгө оруулалтын сантай хамтран ажиллахад хүндрэлтэй. Сангууд тухайн иргэний хөрөнгөөр дотоод, гадаадын аль компани, ямар бүтээгдэхүүн худалдан авч, хэр хугацааны дараа өгөөж олохыг тооцон ажилладаг бөгөөд урьдчилан яг таг хэлэхэд хэцүү. Хувь хүн мөнгөө байршуулаад сангийн үйл ажиллагаанд итгэнэ л гэсэн үг. Олон оронд иргэд нь 10-30 жилийн өгөөжийг харж, хөрөнгөө удирдуулж хэвшсэн байдаг. Манайд бол богино хугацааны ашиг харах, санхүүгийн мэдлэггүй байх, сэтгэл зүйн хувьд ч бэлэн биш байх нь олонтоо. Дэлхийн жишигт хөрөнгө оруулалтын сангийн өгөөж урт хугацаандаа банкныхаас үргэлж өндөр байдаг статистик бий. Монгол дахь хөрөнгө оруулалтын сангуудын жилийн өгөөж 18-20 хувьтай байна” хэмээн ярилаа. Мөн хөрөнгийн зах зээлийн арилжаанд иргэд оролцоход цаг заваа зориулж, хувьцаат компаниудын үйл ажиллагаа, хэтийн төлөв, үнэт цаасны ханшийн өсөлт, бууралтыг таамаглах зэргээр мэдлэг хуримтлуулах шаардлагатай болдгийг тэрбээр дурдлаа. Басарилжаа бүрт шимтгэл төлдөг учраас бодит өгөөж нь ямар байхыг анхаарах хэрэгтэй гэв. Хэрэв тухайн иргэн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэггүй, ойлгохыг ч хүсэхгүй хэрнээ мөнгөө өсгөхөөр хичээвэл мэргэжлийн хөрөнгө оруулагчид буюу хөрөнгө оруулалтын менежментийн компанид хандах нь зөв сонголт болохыг онцолсон юм.
Хөрөнгө оруулалтын сангуудад тавих шалгуур, зохист харьцаа зэргийг хуульд нарийн тусгажээ. Тухайлбал, Засгийн газрын бонд, нээлттэй компанийн хувьцаа, мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийг худалдан авч, эсвэл арилжих нөхцөлийг заажээ. Хөрөнгө оруулалтын сан байгуулахын тулд дөрвөн шалгуурыг даван, зөвшөөрөл авдаг аж. Үйл ажиллагаанд нь Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавихын зэрэгцээ олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгө буюу өмчлөлийн бүртгэлийг нь кастодиан банкууд хариуцаж байна. Кастодиан банкны үүргийг манай улсын топ таванбанкны гурав нь хэрэгжүүлж буй бөгөөд энэ нь олон нийтэд итгэл төрүүлэх, баталгаа болох нэг нөхцөл гэдгийг мэргэжилтнүүд дурдлаа. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын санг хоёр буюу түүнээс дээш тооны хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд хамтран үүсгэн байгуулбал тэдгээр нь тус тусын гүйцэтгэх чиг үүрэг, эрх, хариуцлага, санхүүжилтийн талаар гэрээ байгуулахаар заажээ.
Иргэд хөрөнгө оруулалтын сангаар хөрөнгөө удирдуулахад мэдээж тухайн сангийн найдвартай байдал хамгийн чухал. Үүнийг Санхүүгийн зохицуулах хорооноос хянахыг дээр дурдсан. Энэ талаар тус хорооны мэргэжилтэн “Монголд үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруул алтын сангууд хууль, журмын дагуу тогтвортой ажиллаж байгааг дурдах нь зүйтэй. Манай байгууллагын эрх, үүргийн хүрээнд тухайн сангийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлан болон санд аудит хийдэг байгууллагын тайланг хүлээн авах, хянах, зөвлөмж хүргүүлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу хөтлөхийг үүрэг болгодог. Хамгийн гол нь аль ч байгууллага, сангийн нэгж эрхийн хувьцааг худалдан авахдаа иргэд өөрсдийн итгэл үнэмшил, санхүүгийн тооцоо, хөрөнгийн хэмжээндээ тааруулах учиртай. Хөрөнгө оруулалтын сан иргэд хооронд байгуулах гэрээг сайтар нягтлах заалт бүрийг нь зөвшөөрөх, эс зөвшөөрөхөө шийдэх хэрэгтэй” гэв.
Банкуудын хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 2022 оны арванхоёрдугаар сард 12.4 хувьд хүрсэн бол өнгөрсөн жилийн турш 8.5-9 хувьтай байжээ. Тэгвэл инфляц өнгөрсөн сарын байдлаар улсын хэмжээнд 13.2 хувьд хүрсэн. Тиймээс ч иргэд хөрөнгөө өсгөхөөр боломжийг эрэлхийлж, банкнаас бусад санхүүгийн салбарын үйл ажиллагааг сонирхсоор байна.