“Түмэн шувуут” хувьцаат компани нь Монгол Улсын дотоодын хэрэгцээний 30 гаруй хувь буюу сүүлийн гурван жилд жил бүр дунджаар 90 гаруй сая ширхэг өндөг үйлдвэрлэжээ. Тэгвэл тус компанийнхан үйлдвэрлэлээ өргөжүүлэн “Түмэн шувуут-2” төслийг хэрэгжүүлж эхэлж байгаа талаараа мэдээллээ. Уг төслийг бүрэн хэрэгжүүлснээр 80 ажлын байр шинээр бий болгон, жилд 80 сая ширхэг өндөг нэмж үйлдвэрлэх боломж бүрдэхийг өчигдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад танилцуулсан юм. “Түмэн шувуут”-ынхан 2022 онд 97 сая ширхэг өндөг үйлдвэрлэсэн бол энэ жил 117 саяд хүргэхээр төлөвлөжээ. Манай улс дотоодын хэрэгцээний өндөгний 50, тахианы махны 90 хувийг импортолдог ба нэг жилд 430 орчим сая ширхэг өндөг хэрэглэж буй тооцоо бий. Тиймээс импортын хамаарлыг бууруулж, хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор өндөг, тахианы фермийн үйл ажиллагаатай салбарын яамныхан танилцан, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Ташрамд дурдахад, өдгөө шувууны 10 аж ахуй үйл ажиллагаа явуулж байгаа нь сүүлийн 10 жилд гурав дахин буурсан дүн болжээ.