Дэлхий даяар терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн нийт тохиолдлын 11 хувьд нь ашгийн бус байгууллагыг ашигласан дүн бий аж. Хэдийгээр манай орон терроризм, үүнийг санхүүжүүлэх үйлдэлд өртөх эрсдэл бага ч урьдчилан хамгаалах, сэргийлэх зорилгоор олон улсын стандарт, шаардлагын дагуу холбогдох арга хэмжээ хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Үүний нэг нь Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын Техник хэрэгжилтийн 40 зөвлөмжид тусгаснаар ашгийн бус байгууллагатай холбоотой зөвлөмжийн шаардлагыг хангах, үнэлгээгээ сайжруулах, эрсдэлээс хамгаалах хяналтын тогтолцоо бүрдүүлэх, түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Эл үүргийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улс ашгийн бус байгууллагыг буруу зорилгоор ашиглагдахаас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах хүрээнд тодорхой арга хэмжээ хэрэгжүүлж буй. Ашгийн бус байгууллагуудын зүгээс өөрсдийгөө энэ төрлийн эрсдэлд өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж хэвших нь нэн чухал. Тиймээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ийм байгууллагууд төлбөр тооцоо хийх, банк санхүүгийн үйлчилгээ авахдаа зохицуулалттай этгээдээр дамжуулах, бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийхээс татгалзах, шаардлагатай тохиолдолд төлбөр тооцоотой холбоотой ил тод байдлыг хангаж ажиллахыг Монголбанкнаас уриалав. Ашгийн бус байгууллагыг терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх сайн туршлагын талаарх гарын авлагатай дээрх банкны цахим хуудаснаас танилцах боломжтой аж.