Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдэлж, хариуцлага, үр дүнг тооцох жил болгон зарлаж, “түгжрэлгүй” түргэн шуурхай төрийн үйлчилгээг бий болгох зорилт дэвшүүлээд байна.
Энэ хүрээнд
ОХУ-БНХАУ-Г ХОЛБОСОН ТРАНЗИТ ТЭЭВРИЙГ ЭХЛҮҮЛНЭ
2023 онд автотээврээр улс хоорондын 34.0 сая.тн ачаа, улс, хот хооронд 1.4 сая зорчигч тээвэрлэнэ. Мөн улсын чанартай авто замын дагуу 10 цэгт үйлчилгээний цогцолбор байгуулж, олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 3 улстай байгуулна.
Олон улсын авто замын сүлжээний АН-4 коридороор ОХУ-БНХАУ-г холбосон транзит тээврийг эхлүүлнэ.
546 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМ, 229У/М ТӨМӨРБЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг байнгын ашиглалтад оруулахаар шат шатандаа төлөвлөн ажиллаж байна. Мөн улсын хэмжээнд 546 км авто хатуу хучилттай авто зам, 229 у/м төмөр бетон гүүр ашиглалтад оруулна. Өөрөөр хэлбэл өнгөрөгч оноос шинээр ашиглалтад орох замын урт 13% иар нэмэгдэх юм.
107 км авто замын их засвар, 311 км авто зам, 1,205 у/м гүүрийн урсгал засварын ажлыг эхлүүлж, нийт 31 төслийн 600 км авто зам, 800 у/м гүүрийн зураг төсөл боловсруулна.
“Шинэ тойрог зам барих” төслийн эхний шатны Туул голын эрэг дагуух хэсэг болон Нисэхийн хурдны авто замтай холбох ажлыг эхлүүлнэ.
Ховд-Улаангом чиглэлийн 163 км хатуу хучилттай авто зам, Алтай-Улиастай чиглэлийн 178 км хатуу хучилттай авто замыг эхлүүлнэ. Нутгийн зам: 73,4 км авто замын төслийн ажлыг үргэлжлүүлнэ.
ЧОЙБАЛСАН-ХӨӨТ-БИЧИГТ ЧИГЛЭЛИЙН 426.7КМ ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛНЭ
2023 онд төмөр замаар 35.0 сая.тн-оос доошгүй ачаа, 2,4 сая зорчигч тээвэрлэнэ. Ингэснээр төмөр замаар тээх ачаа 26.8% -иар нэмэгдэх юм. Хөдлөх бүрэлдэхүүнийг 8 зүтгүүр, 800 вагоноор нэмэгдүүлж, Замын-Үүд-Эрээн боомтоор хоногт дунджаар 14.5 галт тэрэг хүлээлгэн өгнө.
Зүүнбаян-Сайншанд чиглэлийн төмөр замын 47 км хэсэглэлд их засвар хийж, Зүүнбаян өртөөг өргөтгөж,“Богдхан төмөр зам” төслийн ажлыг үргэлжлүүлж, барилгын ажлын гүйцэтгэлийг 30%-д хүргэнэ.
Мөн холболтын төмөр замууд, шинээр 4 чиглэлийн нийт 1,399 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлж, Ханги, Гашуунсухайт боомтод ачаа шилжүүлэн ачих терминал байгуулна.
Шивээхүрэн-Сэхээ боомтын хил холболтын төмөр замын төсөл, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426,7 км төмөр замын төслийг эхлүүлнэ.