Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын түншүүдийн уулзалтад оролцлоо. Энэхүү уулзалтаар “Мал аж ахуйн үйлдвэрлэл”, “Газар тариалангийн үйлдвэрлэл ба бодлого”, “Нэгдсэн, нотолгоонд суурилсан хариуцлагатай байгалийн менежмент” төсөл, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын онцлох амжилтууд, тус байгууллагаас 2023-2027 онд Монгол Улсад хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөрийг танилцуулав.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун илтгэлдээ “2023 оны 01 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд ХБНГУ-д зохион байгуулагдсан Ногоон долоо хоног, Дэлхийн Хөдөө аж ахуйн сайд нарын чуулга уулзалтад миний бие оролцоод ирлээ. Энэхүү чуулга уулзалт нь “Хувьсан өөрчлөгдөж буй хүнсний тогтолцоо: Олон талын хямралд Дэлхий даяар өгөх хариу арга хэмжээ” гэсэн сэдвийн дор зохион байгуулагдсан. Дэлхийн өмнөд бүс нутаг, Африкийн орнууд ялангуяа бордоо нийлүүлэлт, хүнсний хангамж, аюулгүй байдлын нөхцөл хүнд байгаа талаар ярьж байсан. Цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, Ковид-19 цар тахлын хязгаарлалт, улс төр, геополитикийн зөрчилдөөн зэрэг нь зөвхөн ганц хоёр улсын биш, дэлхий олон олон улс орныг хамарсан томоохон сорилт болоод байна.
Монгол Улс мөн ялгаагүй цаг уурын өөрчлөлтөд хамгийн их нэрвэгдэж байгаа улс орны нэг яах аргагүй мөн билээ. Ковид-19 цар тахлын үр дагавраас шалтгаалан манай өмнөд хилийн боомтууд сүүлийн 3 жил хязгаарлагдмал нөхцөл байдалд ажиллаж, тээвэр ложистикийн хүндрэлүүд нүүрэлсэн үе байлаа. Мөн хойд хөршийн улс төрийн зөрчил, дайны нөхцөл байдал нь олон улсын хүнс, үр тариа, бордооны нийлүүлэлт, худалдаа, хангамж, тээвэр ложистикийн салбарт сөрөг нөлөөлөл үзүүлсээр байна" гэдгийг онцоллоо.