Оросын бизнесмен, олигархи Евгений Викторович Пригожин Ерөнхийлөгч Путиний дотны хүмүүсийн нэг нь гэгддэг. Тэрбээр ОХУ, Донецкийн болон Луганскийн баатар юм. Оросын Засгийн газрын дэмжлэг хүлээдэг, Африк, Сири болон дэлхийн бусад бүс нутагт хөлсний цэргийн “Вагнер” бүлгийг удирдаж, 2016, 2018 онд АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн гэж үздэг компанийг мэдэлдээ байлгадаг. “Bellingcat”, “Insider”, “Der spiegel”-ийн баримтаар бол Пригожиний үйл ажиллагаа Оросын Батлан хамгаалах яамтай нягт уялдаатай гэдэг. Түүний “Конкорд” компани Оросын дээдсийн зоогийг бэлтгэдэг байснаас Пригожинийг “Путиний тогооч” гэх болжээ. 2019 онд “Деловой Петербург” гэдэг хэвлэл түүнийг 14.6 тэрбум рублийн хөрөнгөтэй хэмээн үзэж, нэрийг нь 72 дугаарт бичсэн бол 2016 онд Санкт-Петербургийн хамгийн нөлөө бүхий 30 хүний нэг болгож байв.
Евгений Пригожин 2016 оноос АНУ-ын, 2020 оноос Европын Холбоо, Британийн, 2022 оноос Австрали, Канад, Шинэ Зеланд, Японы хоригт орсон байна. АНУ-ын улс төрийн хийгээд сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсоны улмаас 2022 оны долдугаар сард Пригожиний тухай мэдээллийг 10 сая ам.доллароор худалдаж авна хэмээн Төрийн департамент нь зарласан байна. Тэгвэл Холбооны мөрдөх товчоо нь түүнийг баривчлахад тусалбал 250 мянган ам.доллароор урамшуулна гэж 2020 оны зун мэдэгдсэн аж. Украинд Орос “цэргийн тусгай ажиллагаа” эхлүүлсний дараа Пригожин хорих газруудаар өөрийн биеэр орж Украины дайнд хоригдлуудаас оролцуулах зорилгоор “Вагнер” бүлэгтээ элсүүлэх ажил зохион байгуулсан юм.
Евгений Пригожин 1961 онд Ленинградад төрж, 1977 онд спортын сургалттай дунд сургууль төгсөв. 1978 онд хулгайн хэргээр хоёр жил тэнсэн харгалзах, 1981 онд хулгай, дээрэм, залилан мэхлэх, насанд хүрээгүй хүнийг гэмт үйлдэлд уруу татсан хэргийн улмаас 13 жил хоригдох ял авчээ. 1988 онд өршөөлд хамрагдаж, 1990 онд суллагдаад Ленинградын нэг дээд сургуульд орсон ч өөрийнх нь ярьснаар түүнийг төгссөнгүй. Энэ ондоо зоогийн газрын сүлжээ байгуулж гурван жилийн дараа супермаркетын “Контраст” сүлжээг удирдах болов. 1998 онд Пригожин “New island” зоогийн газраа нээсэн нь Оросын санхүү, улс төрийн дээдсийн очих дуртай газар болжээ. 1999 оны зун Сергей Степашин энд Олон улсын валютын сангийн тэргүүн Мишель Камдессютэй уулзаж, 2001 онд Орос, Францын Ерөнхийлөгч В.Путин, Жак Ширак нар оройн зоог барьсан байна. 2002 оны хавар Путин энд хүү Жорж Бушийг хүлээн авч, 2003 оны намар хөлөг онгоц дээр нь төрсөн өдрөө тэмдэглэсэн байдаг. 2012 онд Пригожиний зоогийн газруудын нэгнийх нь нээлт дээр Санкт-Петербургийн амбан захирагч Владимир Яковлев, Чилийн Ерөнхийлөгч Рикардо Лагос нар хүрэлцэн иржээ.
2000-аад оноос Пригожин барилгын төсөлд оролцох болов. 2018 онд Путин сурвалжлагчийн асуултад хариулахдаа Пригожинтэй хувийн танил гэдгээ нуулгүй хэлж, түүнийг бизнесмен Жорж Соростой адилтгаж, харин Оросын төртэй холбоотой гэдгийг нь үгүйсгэсэн байна. Пригожинтэй холбоотой компаниуд 2015 онд гэхэд барилгын салбарт Батлан хамгаалах яамтай 68.6 тэрбум рублийн гэрээ байгуулсан аж.
Пригожин бас хэвлэл мэдээллийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байлаа. Түүний мэдээллийн агентлагт ажиллаж байсан эмэгтэйн нотолсноор хоногт 12 цаг ажиллаад сард 40 000 рубль авдаг байж. Пригожиний агентлагийг 2014 оноос Америкийн улс төрийн амьдралд, түүний дотор Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцож байна хэмээн тэндхийн Хууль зүйн яам буруутгаж байв. Тус агентлагийн ажилтнууд АНУ-д байнга очиж, нийгмийн сүлжээнд нь ташаа мэдээлэл оруулж, гудамжны тэмцэл хөдөлгөөн зохион байгуулж, Дональд Трампын сонгуулийн штабын ажилтнуудтай холбоотой ажиллаж байсан гэж Америкийн тал үзсэн байна. Агентлагт нь 225-250 хүн ажиллаж байв.
“Вагнер” бүлгийн удирдагч Дмитрий Уткинтэй 2016 оны зун Пригожин танилцаж уг бүлгийг санхүүжүүлэх болсон байна. 2014-2015 онд цэргийн хувийн компани “Вагнер” Украины Донецк, Луганск мужуудын газар нутаг дахьмөргөлдөөнд оролцжээ. 2015 оноос Сирийн кампанитажилд оролцож, Пальмирыг чөлөөлөлцөв. 2017 оны зургадугаар сард “Вагнер” АНУ-ын хоригт оров.
Оросын баатрын одон тэмдэгтэй хүн шоронгуудаар яваад байна гэх мэдээлэл 2022 оны долдугаар сараас дуулдах болов. Түүнээс үзвэл Пригожин хүчний байгууллагад ажиллаж байсан хоригдлуудыг элсүүлж эхэлсэн байна. Тэрбээр байлдааны ажиллагаанд оролцвол өршөөл үзүүлж, ОХУ-ын иргэний үнэмлэх олгож, сард 100 мянга, амь үрэгдвэл таван сая рублийн төлбөр өгөхөөр тэдэнд амлажээ.
Евгений Пригожиний “гар, хөл” Африкийн орнуудад хүрсэн тухай хэвлэлүүд 2018 онд мэдээлж байв. Тэгэх ньээАфрикийн улсуудын удирдагчдын аюулгүй байдлыг хангах, зэвсэг нийлүүлэх, улс төрийн зөвлөгөө өгөх зэргээр тусалж, хариуд нь Алжир, Ливи, Конго, Нигери, Этиоп, Кени, Мадагаскар, Төв Африк, Судан, Ангол улсад байгалийн баялаг, ашигт малтмалыг нь олборлох болсон байна.
2018 онд сэтгүүлчтэй ярилцахдаа өгүүлснээр бол Пригожиний эцэг эрт өөд болжээ. Ээж нь эмнэлэгт ажилладаг байж. Пригожин гэргий, хүү, охинтой. Хүү Павел нь ээжийнхээ мэдэлд байсан таван компанийг одоо эзэмшдэг. Энэ хүү Оросын армид богино хугацаанд алба хаагаад “Вагнер”-ын бүрэлдэхүүнд орсон байна. 2011 оноос хойш Пригожиний нэр холбогддог компаниуд доод тал нь 209 тэрбум рублийн 5393 гэрээ байгуулж, Батлан хамгаалах болон Эрүүлийг хамгаалах яамны байгууллагууд, сургууль, цэцэрлэгүүдэдхүнсний зүйл нийлүүлсэн байна. Гэтэл энэ хүнсний зүйлийг нь хэрэглэсэн цэцэрлэгүүдэд хүүхдүүд цусан суулга өвчнөөр өвдсөн нь 2018 оны эцсээр тодорхой болж байжээ. Евгений Пригожин тухайн оныхоо “авлигач” болохыг нь 2022 оны эцсээр Авлига, зохион байгуулалттай гэмт хэрэг судлах төв хүлээн зөвшөөрсөн аж.
2013 он хүртэл Пригожинд зүтгэж байсан “хар пиарын мастер” хочит Андрей Михайлов гэгч 2018 оны эцсээр “Новая газета” сонины сурвалжлагчтай ярихдаа Пригожиний хамаарал бүхий бүтцүүд сөрөг хүчний зүтгэлтнүүд, түүний дотор Алексей Навальныйгийн эсрэг өдөөн хатгалга үйлдэж байсан гэсэн байна.
Украин, Оросын харилцаанаас үүдэн 2016 оны эцсээр Евгений Пригожинд АНУ хориг тавьжээ. Энэ шийдвэртэй холбогдуулан тэрбээр бизнес маань Европ болон АНУ-тай холбоогүй болохоор хоригт санаа зовохгүй байна. Оростоо л амарч байхыг илүүд үзнэ гэж мэдэгдсэн аж. АНУ-ын тусгай прокурор Роберт Мюллер Евгений Пригожин болон Оросын өөр 12 иргэнийг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхийг оролдсон хэмээн буруутгав. 2020 оны долдугаар сард Пригожинтэй холбоотой гэж үзэж Оросын гурван иргэн, Орос, Судан, Хятад, Хонконгийн таван компанид АНУ-ын Сангийн яам хориг тавилаа. Пригожинтэй холбоо сүлбээтэй, түүний нэрээр Төв Африкийн БНУ (ТАБНУ)-д үйл ажиллагаа явуулдаг Орос, Финланд, ТАБНУ-ын найман байгууллагын эсрэг АНУ-ын Сангийн яам 2020 оны есдүгээр сард хориг тавьсан байна. Ливид үйл ажиллагаа явуулж байсан хувийн цэргийн компани “Вагнер”-тай нягт холбоотой байсан тул Европын Холбоо 2020 оны аравдугаар сард Пригожинд ганцаарчилсан хориг тавьжээ. АНУ-ын Колумб муж улсын тойргийн шүүх 2018 оны хоёрдугаар сард Пригожинийг баривчлах шийдвэр гаргалаа. 2022 оны хоёрдугаар сард Пригожинд Австралиулс хориг тавьжээ. 2022 оны гуравдугаар сард Пригожин, түүний хоёр хүүхэд, гурван компанид хориг тавив. Яг ийм хоригийг Шинэ Зеланд өмнөх сард нь тавьсан байна. Украин руу Орос довтолсноос 2022 оны дөрөвдүгээр сард Пригожинд Европын Холбооны бүх улс хориг тавив. Хүү Павел нь ч Европын Холбооны хоригт хамрагджээ.
Оросын төрийн түшмэд “Вагнер” бүлэгтэй хэлхээ холбоотойгоо хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг ч Оросын Засгийн газар энэ бүлэгтэй хэдийн танил болсонтөдийгүй түүнийг болон Пригожиний мэдлийн бусад бүтцийг ташаа мэдээлэл тараах, хилийн чанадад нууцаар зэвсэгт ажиллагаа явуулахад ашигладаг байжээ. Ийм ажиллагааг Украин, АНУ, Британи, Европын Холбоонд ч гүйцэтгэж байсан аж. Нэг жилийн дотор цэргийнхэн хоёр ч удаа засгийн эрх авч, алан хядагчдын зүгээс учруулах аюул заналтай тэмцэж байсан Малид “Вагнер” бүлгийн хүчин очих гэж байгаа тухай мэдээлэл 2021 оны эцсээр түгсэн байна. Тус хүчин арванхоёрдугаар сард Малид очжээ. Пригожинтэй харилцаа холбоотой, АНУ-ын хоригт орсон “Үндэсний үнэт зүйлсийг хамгаалах сан” гэдэг шинжилгээний төвийн ерөнхийлөгч Максим Шугалей энхийн хэлэлцээрийг ажил болгох, иргэдийг хамгаалах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд хамтрах зорилгоор 2013 онд Мали улсад эхлүүлсэн НҮБ-ын энхийг эрхэмлэсэн үйл ажиллагааг “алан хядах шинжтэй” хэмээн шүүмжилж байжээ. Малид Оросын цэргийн хувийн байгууллага байгааг Ерөнхийлөгч Путин хүлээн зөвшөөрсөн ч өөрийнх нь Засгийн газар түүний үйл ажиллагаанд ямар нэг үүрэг гүйцэтгэж буйг үгүйсгэсэн байна. “Вагнер” бүлэг Мали улсад байгааг Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мөн хүлээн зөвшөөрөхдөө түүнийг цэвэр “ашиг олох зорилготой” гэж хэлсэн байдаг. Мали улсын төв нутгийн Мура тосгонд 300 орчим энгийн иргэнийг алсан тухай мэдээ 2022 оны гуравдугаар сарын эцсээр дэлхий дахиныг цочоов. Гэрчүүдийн ярьснаар бол Малийн цэргүүд болон орос хэлээр ярих 100 орчим эрэгтэй хүн тэднийг 15-20 хүнээр эгнээ болгон жагсаажөвдөг дээр нь сөхрүүлэн суулгаад цаазалж орхисон байна. Мали улсын шилжилтийн Засгийн газар өөрийн армийг энэ хэрэгт оролцоогүй, харин энд алан хядагчдын эсрэг тэмцэл явуулсан гэж мэдэгдэв. Оросын худал мэдээлэл түгээдэг RT агентлаг энэ мэдээллийг давтжээ.
Пригожин удирдан Кремлийн зорилгыг дэмжих, өөрийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийлгэсэн худал мэдээлэл Мали улсын хүрээнээс хальж Африкийн бусад нутаг, улсад тархжээ. Африкийн байгалийнбаялаг, ардчилсан хүчнийг бусниулагч улстөрчдийг ашигладаг команиудаараа уламжлан Пригожин Оросын ашиг сонирхлын төлөө Африкийн бодлогод нөлөөлөх зорилгоор худал мэдээлэл түгээдэг аж. Худал мэдээлэл, “Вагнер” бүлгийг Африкт Орос идэвхтэй ашиглаж байгаа нь тус тивд худал хуурмаг явдал, хүний эрхийн зөрчил гаарахадхүргэж буй юм байна. АНУ, Европын Холбоо, Британи хориг тавьж, худал мэдээлэл түгээдэг Пригожинтэй холбоо сүлбээтэй компаниудын үйл ажиллагааг илчилсээр байгаа ч эдгээр субъект олон нийтээр нь Оросын Засгийн газрыг дэмжүүлэх, түүний нөлөөг тэлэх зорилгоо худал мэдээллийн туслалцаатайгаар хэрэгжүүлэхээр өөрийн ашиг сонирхолд эндхийн тайван бус нөхцөл байдлыг ашиглан хүчилсээр байгаа. Эцэст нь хэлэхэд, Өрнөдийн хэвлэлд мэдээлж буйгаар бол энэ Пригожин гэгч Путиний орыг залгах алсын зорилготой бололтой. Ийм санаархалтай хүний тоонд Чеченийн Ерөнхийлөгч Рамзан Кадыровыг ч оруулсан мэдээлэл дуулдах боллоо. Эд хоёул Украины дайны явцаас үүдэн Оросын арми, зэвсэгт хүчний удирдлагыг ихээхэн шүүмжилж байгаа аж. Пригожиний “Вагнер” бүлэг эгнээндээ 40-50 мянган хүнтэй, Рамзан Кадыров бараг өөрийн хувийнх болгосон Чеченийнарми20 мянган цэрэгтэй гэсэн тоо баримт байдаг юм билээ.