Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар өнгөрсөн долдугаар сард байгуулсан, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ахалсан ажлын хэсгээс шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулсантай холбоотойгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өчигдөр мэдээлэл хийж, хэвлэлийнхний асуултад хариуллаа. Тэрбээр “Засгийн газар шинэ Үндсэн хууль батлахыг санаархаагүй. Төслийг нь бичлээ гээд шууд баталчихгүй. Үндсэн хуулийг шинээр батлах, эсэхийг ард түмэн шийднэ” хэмээн мэдэгдсэн юм.
-Олон нийт дэмжвэл шинэ Үндсэн хууль батална гэж ойлгож болохуу?
-Ийм тохиолдолд ард нийтийн санал асуулга явуулж, дэмжвэл Үндсэн хуулийг шинээр батлах боломжтой.
-Зөвлөлдөх санал асуулгаар оролцогчдод тавих асуултад шинэ Үндсэн хуулийн талаар оруулах саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга гаргасан. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Тэр тухайд товч мэдээлэл авсан. Зөвлөлдөх санал асуулгатай холбоотойгоор удаа дараа болсон хэлэлцүүлэг, зөвлөгөөний үеэр гарсан саналд үндэслэн оруулсан гэж ойлгож байна. Үндсэн хуулийг шинээр батлах ажлыг улс төрийн нэг нам, Засгийн газар дангаараа санаачилж, хийхгүй.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ахалсан ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан. Шинэ Үндсэн хуулийн төслийн захиалагч нь Засгийн газар юм бишүү?
-Ажлын хэсгийн ард Засгийн газар байхгүй. Эрх баригчид захиалга өгөөгүй. Ийм ажлын хэсэг байгуулъя, нэр бүхий намууд тус тусдаа боловсруулсан Үндсэн хуулийн төслөө нэгтгэн танилцуулъя гэдэг санал тавьсан учраас ажлын хэсгийг байгуулсан юм. ШИНЭН өнгөрсөн хавар, МҮАН бүр 2010 онд Үндсэн хуулийн төсөл боловсруулж, олон нийтэд танилцуулж байсан шүү дээ. Тэдгээрийг нэгтгэн боловсруулсан гэж ойлгож байгаа.
-Шуугиан тариад байгаа шинэ Үндсэн хуулийн төслийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын дипломат төлөөлөгчийн газруудад орчуулан хүргүүлсэн байналээ. Энэ тухайд ямар тайлбар хийх вэ?
-Засгийн газраас үүнийг зөвшөөрч, зөвлөсөн зүйл үгүй. Гадаадын Элчин сайдын яамд руу яагаад хүргүүлснийг би ч бас асуумаар байна. Мэдээлэл алга.
-Ерөнхийлөгч асан Н.Энх-баярын даргалж байсан МАХН танай намд нэгдсэн. Өөрөөр хэлбэл, МАН-ын гишүүн Н.Энхбаяр шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулчихсан байна шүү дээ.
-Монголд улс төрийн 36 нам албан ёсоор үйл ажиллагаа явуулж байна. Тэд Үндсэн хууль, сонгуулийн тогтолцоо гэх мэтээр асуудал бүрт байр сууриа илэрхийлж ирсэн. Намуудын санал, санаачилгыг сонсож, зөв зүйтэйг нь дэмжээд, ажил хэрэг болгох нь эрх баригчдын үүрэг. Тэр ч утгаараа бид аливаа асуудалд нээлттэй хандаж байгаа. Нөгөө талаас манай нам 300 мянга орчим гишүүнтэй. Тэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Харин намын улс төрийн шийдвэрийг бага хурал, Удирдах зөвлөлөөс гаргадаг.