Засгийн газрын зарим гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтнүүд баруун аймгуудын өвөлжилтийн нөхцөл байдал, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцаад иржээ. Энэ жил манай улсын нийт нутгаар цас их орж, агаарын хэм олон жилийн дунджаас зарим үед хүйтэн байгаа билээ. Үүний улмаас ялангуяа Ховд, Баян-Өлгий аймагт өвөлжилт хүндэрч, зарим сумын нутагт цасны зузаан 30-120см-т хүрснийг дээрх яамнаас мэдээлэв. Тиймээс эдгээр аймгийн малчид малаа хариулах, бэлчээх боломж багасан, 40 орчим хувийг нь тэжээж буй гэнэ. Түүнчлэн малчдын бэлтгэсэн тэжээл, өвсний нөөц барагдууссан бөгөөд аймаг, сумуудын аюулгүйн нөөцөөс өвс, тэжээл өгөх юм байна. Үүнээс гадна Ховд, Увс, Баян-Өлгий аймгийнханд хил залгаа боомтоор ОХУ, БНХАУ-аас тэжээл импортлох боломж бүрдүүлэн, шаардлагатай яриа хэлэлцээ хийснийг ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Д.Батмөнх дурдлаа. Ташрамд дурдахад, баруун аймгууд жил бүр 25 000-30 000 тонн хүчит тэжээл импортолдог бөгөөд энэ жилийн хувьд эл тоо нэмэгдэх төлөвтэй гэнэ.