Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг УИХ өнгөрсөн сард баталсан билээ. Уг хуулийг энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тогтоод буй. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг хэрэгжүүлснээр нүүрс, алт, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг түүхий эдийг олон улсын таваарын зах зээлийн зарчмаар худалдах нөхцөл бүрдэх юм. Цаашлаад уул уурхайн өөр олон төрлийн бүтээгдэхүүн борлуулах боломжтой. Бирж нь үнэт цаас, аливаа таваарыг зах зээлийн ханшаар өрсөлдөөнт байдлаар нээлттэй, ил тод арилжих боломж олгодгоороо онцлогтой.
Жишээ нь, хэн, хаанаас хэр хэмжээний мөнгөөр хэдэн тонн уул уурхайн бүтээгдэхүүн худалдан авч буй нь нээлттэй байна гэсэн үг. Тиймээс уул уурхайн бүтээгдэхүүнийг тухайн үеийн хамгийн өндөр ханшаар худалдах талбар нь бирж болдог.
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж яагаад надад хамаатай юм бэ гэж уншигч та асууж магадгүй. Улс орны газрын баялгийн үр өгөөжийг нийт иргэдэд эрх тэгш байдлаар хүртээх ёстой гэсэн зарчим үйлчилдэг. Биржийн давуу тал нь уул уурхайн бүтээгдэхүүнийг хамгийн өндөр үр өгөөжтэй байдлаар арилждагт бий. Мөн нээлттэй, ил тод учраас ямар нэгэн нууц тохиролцоо, бүтээгдэхүүнийг үнэгүйдүүлж худалдах тохиолдол гардаггүй. Улстөрчид, бизнесийн бүлэглэлийнхэн, төрийн өмчит компанийн удирдлагууд нүүрсийг хямд үнээр борлуулж байна. Нүүрс худалдах, худалдан авах гэрээг өөр аж ахуйн нэгжид шилжүүлэн дундаас нь төлбөр авдаг гэх мэт яриа байнга гардаг байв. Засгийн газар тийм тохиолдол нэлээд гарах болсныганзаарч “Нүүрсний хулгайч” нартай тэмцэл эхлүүлсэн билээ. “Нүүрсний хулгайч” нартай хийх тэмцлийн үр дүнд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг яаралтай баталсан гэж ч хэлж болно.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг хэрэгжүүлж эхлэхийг хүлээхгүйгээр ирэх сараас нүүрсийг биржийн зарчмаар худалдах шийдвэр Засгийн газраас гаргаад буй. Улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг боловсруулаад байна. Тэгэхээр Уул уурхайн бүтээгдэхүүний тухай хуулийн дагуу уул уурхайн бирж байгуулах хүртэл нүүрсийг уг журмын дагуу арилжина гэсэн үг. Тус журамд “Арилжаа зохион байгуулагч нь цахим арилжааг нээлттэй, ил тод, оролцогчдын тэгш эрхийг хангасан байдлаар зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох, арилжаалж буй нүүрсний үнэ, гэрээний мэдээллийг арилжаанд оролцогчид болон олон нийтэд үнэн зөв, түргэн шуурхай хүргэх, арилжааны хэлцлийн үр дүнд үүссэн төлбөрийн үүргийг тодорхойлон бүртгэх, экспортын гэрээ байгуулах, төлбөрийг найдвартай гүйцэтгэх нөхцөлийг хангаж ажиллана” гэж заажээ.
Нүүрсний нээлттэй цахим арилжааг Монголын хөрөнгийн бирж өөрийн эзэмшлийн “Миллениум Ай Ти” системээрээ гүйцэтгэхээр болоод буй. “Нүүрсний нээлттэй цахим арилжааг ирэх сарын 15-наас өмнө эхлүүл” гэсэн даалгавар Монголын хөрөнгийн биржийн удирдлагуудад Засгийн газраас өгчээ. Тэд нүүрсний цахим арилжааг зохион байгуулах бэлтгэл ажлыг “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, “Тавантолгой” компанитай хамтран хийж байгаа гэнэ. Хөрөнгийн биржийнхэн “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс” компанийнхан идэвхтэй хамтрана жиллаж байгаа гэсэн мэдээлэл өгөв. Тэд нүүрсний цахим арилжааг ирэх сарын 10 гэхэд эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Нүүрсний нээлттэй цахим арилжааны журамд “Эрдэнэс Тавантолгой” ХК болон хүсэлт гаргасан Гашуунсухайтын боомт дахь “Чингэлэгт тээврийн терминал”-аар нүүрс экспортлогч аж ахуйн нэгжийн экспортод гаргах нүүрсийг цахимаар нээлттэй арилжих үйл ажиллагааг зохион байгуулах, түүнтэй холбогдон үүсэх бусад харилцааг зохицуулна” гэж тусгасан. Тэгэхээр товчхондоо, чингэлгээр тээвэрлэж буй нүүрсийг цахим арилжаагаар борлуулах нь. Гашуунсухайтын боомтоор “Эрдэнэс Тавантолгой”-гоос гадна “Энержи ресурс”, “Тавантолгой” компани чингэлгээр нүүрс экспортолдог. Хэд хоногийн өмнө “Энержи ресурс” компани баяжуулсан хоёр багц буюу 12 800 тонн нүүрс цахим арилжаагаар борлуулж туршилт хийсэн билээ. Ингэхэд нэг тонн баяжуулсан нүүрсний үнэ 187 ам.долларт хүрсэн юм. Нүүрс худалдах суурь үнийг худалдан авагч тал 12 хувиар өсгөсөн гэнэ лээ.
Монголын хөрөнгийн биржийн“Миллениум Ай Ти” системийг ашиглан нүүрсийг цахимаар хэрхэн худалдахыг тайлбарлая. Итгэмжлэгдсэн лабораторийн чанарын баталгаатай нүүрсийг худалдагч тал цахим системд байршуулан худалдана. Нүүрсний нэг багц нь 6400 тонн байна. Худалдагч компани дээд тал нь 25 багц нүүрс худалдах захиалга өгнө. Монголын хөрөнгийн биржийнхэн нүүрс худалдах захиалгыг арилжаа зохион байгуулахаас тав хоногийн өмнө цахим системд байршуулна. Худалдагч тал борлуулах нүүрснийхээ доод үнийг өөрөө тогтооно. Харин худалдан авагчид тухайн нүүрсийг дуудлага худалдааны зарчмаар үнэ хаялцан худалдаж авна. Нүүрс худалдаж авах сонирхолтой аж ахуйн нэгж цахим талбарт байршуулсан нүүрсний доод үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний дэнчин тавих шаардлагатай. Ингэсэн тохиолдолд арилжаанд оролцож, үнэ хаялцах эрхтэй болох юм.
Арилжаанд оролцон хамгийн өндөр үнэ санал болгосон аж ахуйн нэгж нүүрсийг худалдаж авах эрхтэй болно. Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журамд “Цахим арилжааны системд хэлцэл амжилттай хийгдсэнээс хойш ажлын долоон өдрийн дотор худалдагч болон худалдан авагч нар арилжаа зохион байгуулагчаас баталсан загварын дагуу экспортын гэрээг баталгаажуулан арилжаа зохион байгуулагчид ирүүлэх бөгөөд худалдан авагч нь хэлцлийн төлбөрийг 100 хувь (дэнчинг хассан дүнгээр) худалдагчийн Банкны тухай хуулийн 3.1.20-д заасан банкан дахь нэрийн дансанд байршуулна. Арилжаа зохион байгуулагч нь экспортын гэрээнд үндэслэн дэнчинг худалдагчийн нэрийн данс руу ажлын таван өдрийн дотор шилжүүлнэ” гэжээ. Нүүрс худалдах, худалдана авах гэрээ байгуулж, төлбөр тооцоогоо хийсний дараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх үйл ажиллагаа өрнөнө.
Тавантолгойн ордоос нүүрс олборлодог компаниуд итгэмжлэгдсэн лабораториор чанарыг нь баталгаажуулсан нүүрсээ Гашуунсухайтын чингэлэг тээврийн терминал хүртэл тээвэрлэн худалдан авагч талд хүргэж өгнө. Терминал хүртэлх тээврийн зардал, бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг худалдагч тал хариуцна. Харин худалдан авагч тал нүүрсээ терминалаас хил давуулах тээврийн зардлыг хариуцах юм. Өөрөөр хэлбэл, цахим арилжааг хийснээр нүүрсээ хилийн үнийн нөхцөлөөр борлуулж эхэлнэ гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой” компанид Засгийн газраас томилсон Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Нүүрсээ цахим дуудлага худалдаагаар, хилийн үнийн нөхцөлөөр борлуулснаар нэг тонноос хүртэх өгөөж 30-40 ам.доллароор өснө” гэж ярьсан. “Эрдэнэс Тавантолгой” компанийн орлого өсөхөөр төлөх татвар, хураамж нь нэмэгдэнэ гэсэн үг. Цаашлаад хувьцааны ногдол ашиг хуваарилах боломж бүрдэнэ. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн орлого өсөх нь татвар, хураамж болон ногдол ашгаар дамжин иргэдэд өгөөжөө хүртээх юм.
Монголын хөрөнгийн биржийнхэн экспортод гаргах нүүрсний арилжаанд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн материалыг хүлээн авч бүртгэж буй. Одоогоор 50 орчим аж ахуйн нэгж бүртгүүлээд байгаа гэнэ. Аж ахуйн нэгжүүдээ бүртгэснээр цахим арилжааг эхлүүлэх нөхцөл бүрдэх юм. Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжсанаар иргэд, олон нийтийн хүртэх өгөөж нэмэгдэх учраас танд ч хамаатай билээ.