Засгийн газрын 2022 оны арван хоёрдугаар сарын 14-ний 362 дугаар тогтоолоор Монголын хөрөнгийн биржээр дамжуулан экспортын нүүрсийг нээлттэй цахимаар арилжихаар шийдвэрлэсэн. Улмаар энэ сарын 12-нд туршилтын цахим арилжааг зохион байгуулсан билээ. Уг арилжаанд БНХАУ, Сингапур, Хонконгод байрлах худалдан авагчид оролцсон бөгөөд “Энержи ресурс” компанийн нийт хоёр багц буюу 12 800 тонн нүүрсийг Гашуун сухайтын терминалаас нийлүүлэх нөхцөлөөр амжилттай арилжсан юм. Эл туршилтын арилжаагаар худалдсан нүүрсний тээвэрлэлтийг энэ сарын 16-19-нд хийж, Гашуун сухайтын терминалаас экспортолсон тухай өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Ташрамд дурдахад, Монголын хөрөнгийн биржийн Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журмын дагуу Топ-20 индексийн багцыг шинэчлэн мөрдөж эхэлжээ. 2022 оны үзүүлэлтээр уг индексийн багцыг шинэчлэхэд өмнөх багцад багтаж байсан 15 компанийг хэвээр үлдээж, “Мах импекс”, “Бидисек”, “Дархан нэхий”, “Талх чихэр”, “Лэнд МНББСБ” ХК-ийг хассан аж. Харин шинээр“Төрийн банк”, “Сэнтрал экспресс СиВиЭс”, “Богд банк”, “Сэндли ББСБ”, “Голомт банк” ХК-ийг нэмсэн байна.