ДУРГҮЙГЭЭД Л ТӨРИЙН БОДЛОГЫГ ЗОГСООЧИХДОГ ДУНДГОВЬ АЙМГИЙНХАН
Дундговь аймгийнхан ер нь уул уурхайн төслүүдийг гацаадаг гэхэд хилсдэхгүй. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс танилцуулдаг, аймгуудын өрсөлдөх чадварын тайланд дурдсанаар Дундговь нь 2019 онд 21 аймгаас 18, дараа жил нь 16, 2021 онд 19-т эрэмбэлэгджээ. Улсын хөгжилд нэмэртэй, ажлын байр бий болгож, төсөв, орон нутгийн хөгжлийн санд хувь нэмрээ оруулах, бараа, үйлчилгээ худалдан авах компаниуд төсөл хэрэгжүүлье гэхэд нь хамтран ажилламаар юм, уг нь. Гэтэл дээрх тайланд дээгүүрт бичигддэг аймаг, сумын Засаг дарга нар боломжийг ашиглаж, орон нутагт нь үйл ажиллагаа явуулж буй компаниудтай хэлэлцээр хийн, төсөвтөө оруулах мөнгөний хэмжээг нэмэгдүүлж чаддаг, гурван талт зөвлөл нь сайн ажилладаг жишээ цөөнгүй бий. Харин үүнээс тэс өөр хандлагатай, “жалга довны” тогтоол гаргадаг, ичдэггүй, даврах нь дэндсэн ИТХ, Засаг даргад хариуцлага тооцвол яасан юм бэ. Тусгай зөвшөөрөлтэй компанийн үйл ажиллагааг зогсоосугай гэсэн тогтоол гаргасныг нь дарамт гэж ойлгох уу, шантааж гэж ойлгох уу. Ингэх тусам нь үлгэр жишээ төсөл хэрэгжүүлээд харуулаасай, Засгийн газар. Уул уурхайгүй гэгддэг Хөвсгөл аймаг ч хамгийн их татаас авдаг гэнэ билээ. Харин иргэд нь уул уурхайн өгөөж, эерэг нөлөө, ач холбогдлыг ойлгосон Өмнөговь аймаг гэхэд дээрх тайланд байнга эхний байруудад бичигддэг нь өрсөлдөх чадвар сайтайг нь батална.
Дээрх аймгийн нутагт нэгэн компани нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийхээр очоод эх орончид хэмээх нэр барьсан ТББ өдөөн турхирч хөөсөн талаарх бичлэг цахим орчинд тархсан. Засгийн газар, УУХҮЯ-наас зөвшөөрөл авсан тус компани зөвхөн хайгуул хийх гэтэл үйл ажиллагааг нь зогсоочихож. Хачирхалтай нь, багийн Иргэдийн нийтийн хурлаас тогтоол гаргаад л УУХҮ-ийн сайдын тушаалаар олгосон тусгай зөвшөөрлийг цуцлуулсугай гээд шийдчихсэн байгаа юм. Тодруулбал, тус аймгийн Сайхан-Овоо сумын 1, 2, 3, 4 дүгээр багийн ИНХ-ын өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-ны тогтоолоор нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийж буй компанид эдийн засгийн хохирол учруулахуйц шийдвэр гаргажээ. Тус сумын дөрвөн багийн тогтоолд “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.2, 32.8.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 18.1.2 дахь заалтыг үндэслэсэн гэж тэмдэглэсэн байна. Дээрх хуулийн 32.2-т “Иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна” гэжээ. Тэгвэл 32.8.1-т “Баг, хорооны чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх” хэмээн тусгасан. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 18.1.2-т “Нийтийн ашиглалтын байгалийн баялгийн хамгаалалт, ашиглалтад хяналт тавих” гэж заасан байна. Эдгээрт багийн ИНХ-аас төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр томилон ажиллуулдаг зөвлөл, салбарын сайдын шийдвэрээр олгосон тусгай зөвшөөрлийг цуцлуулах эрх олгосон зүйл алга байгаа биз.
САЙДЫН ОЛГОСОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ БАГИЙН ИНХ ЦУЦАЛЖ БОЛОХУУ
Эл тогтоолын 1-т “2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн №06 тоот багийн иргэдийн нийтийн хурлын тогтоолыг хүчингүй болгосугай” гэжээ. Тухайн үед буюу 2021 онд тус сумын ИНХ-ын тогтоолд “Нүүрсний давхаргын метан хийн төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг танилцуулж санал авсан нь үнэн болно” гэж бичсэнээ ганц жилийн дараа хүчингүй болгосон хэрэг. Мөн тогтоолын 2-т “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулсугай” гэсэн байгаа юм. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4.2-т “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний асуудлыг зохицуулах, энэ хуулийн 4.1.1, 4.1.4, 7.1.2-т заасан үнэлгээний үр дүн, тайланд дүгнэлт өгөх, үүрэг бүхий байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөл (цаашид “мэргэжлийн зөвлөл” гэх) ажиллана. 4.3-т “Мэргэжлийн зөвлөлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр томилон ажиллуулна” гэж заажээ.
15 орчим мэргэжилтнээс бүрддэг эл зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулна гэж байгаа нь судалгаа, үнэлгээнд үндэслэх бус, өөрсдийн дураар авирлаж буйг илтгэж байгаа гэлтэй. Ташрамд дурдахад, байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлгээг БОАЖЯ-наас тусгай зөвшөөрөл авсан, мэргэжлийн компани хийдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Мөн уг тогтоолын 3-т “УУХҮ-ийн сайд Г.Ёндонгийн олгосон тусгай зөвшөөрлийг цуцлуулсугай” гэжээ. Эндээс харахад, ер нь Монгол Улсад удирдах, удирдуулах ёс гэж байна уу? Монголчууд ёс ёмбогор, төр төмбөгөр гэж ярьдаггүй сэн бил үү. Хуулиа мэдэхгүй тогтоол гаргана гэдэг бол эрх зүйт төртэй улсад байж болшгүй зүйл.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18.4-т “Төслийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж байгаа хуулийн этгээд тайлан боловсруулах явцдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулна” гэж заасан. Тэгэхээр иргэдэд төслөө танилцуулах үүрэгтэй, тэднээс санал авах болохоос зөвшөөрөл авах ёстой биш гэдэг нь харагдана. Гэтэл хайгуулын төсөл хэрэгжүүлэхийн тулд бараг Монголын бүх иргэн, аймаг, сум, багийн Засаг даргаас зөвшөөрөл авах ёстой мэт аяглах нь буруу.
Үүнээс гадна өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-нд гаргасан Сайхан-Овоо сумын ИТХ-ын тогтоолын 1-т “Нутгийн өөрийн удирдлага нь тухайн нэгжид оршин суугаа иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж иргэдийн саналыг харгалзан үздэг байх зарчмыг үндэслэн тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа … ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосугай”. 2-т нь “Энэхүү тогтоолыг хэрэгжилтийг хангаж ажиллахыг … ХХК-ийн гүйцэтгэх захиралд даалгасугай”. 3-т “... ХХК-ийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж хуралд тайлагнаж байхыг сумын Засаг дарга (С.Амарсанаа)-д үүрэг болгосугай” гэжээ. Зөвшөөрлийн дагуу, өндөр эрсдэл хүлээн хайгуул хийж буй компанийн үйл ажиллагааг сумын ИТХ зогсоох эрхтэй юү? Уг нь газрын дор нь нөөц байгаа, эсэхийг мэдэж авах боломж гэж харах байлтай. Уул уурхайн мэргэжилтнүүд 600 гаруй лицензээс нэг нь л орд болдог гэдэг. Нөгөөтээгүүр, цооног өрөмдөхөд өндөр өртөгтэй, бас нөөц тогтоогдох, эсэх нь эрсдэлтэй ажлын зардлыг улсын төсвөөс гаргаж чадах уу. Чадах байлаа ч иргэдийн татварын мөнгийг өндөр эрсдэлтэй хайгуулын салбарт зарцуулах нь юу л бол. Төр эрсдэлээ хувийн компанид үүрүүлж, газрын доорх ашигладаггүй хийн нөөцөө тогтоох гэхэд эсэргүүцдэг нь аль улсын нөлөө юм бол доо. Энд нэг зүйл тэмдэглэхэд, Засгийн газрын бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу энэ нь ганц компанийнх бус, 50, 50 хувь хамтарч хийж буй ажил шүү дээ.
Ганц Дундговьд ч бус, Монголын бараг дийлэнх аймагт уул уурхайн төсөл хэрэгжүүлэхэд бэрх. Ерөөс хөрөнгө оруулагчдыг урьж авчирчихаад хөөж явуулдаг улс болоод удлаа. Улс орнууд хөрөнгө оруулалт, санхүүжилт татахын төлөө өрсөлдөж, татвараас чөлөөлөх гэх мэт арга хэмжээ авч байхад манайд харин эсрэгээр, ямар ч үндэслэлгүйгээр үргээхдээ бүр мэргэшчихэж. Ганц жишээ татъя. Баруун таван аймгийг эрчим хүчний импортын хараат байдлаас гаргах, улсын төсвөөс баруун бүсийн эрчим хүчний системд олгодог татаасыг тэглэх, УЦС-ын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт зугаалгын болон загасны аж ахуй хөгжүүлэх бүс бий болох зэрэг ач холбогдолтой Эрдэнэбүрэнгийн УЦС барина гээд олон жил өнгөрлөө. Эл станцыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Увсын Өмнөговь, Баян-Өлгийн Баяннуур сумын нутгийг дамнан байгуулахаар төлөвлөж буй. Тэгвэл Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын 2021 оны арваннэгдүгээр сарын 8-ны тогтоолд “Ховд голын үзэсгэлэн төгс ой мод, хадлан бэлчээр, түүх соёлын үнэт өв бүхий нутаг устаж үгүй болох, улмаар сумын ард иргэдийн амьжиргаанд ноцтой хохирол учруулахаар байгааг харгалзан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлыг зогсоох арга хэмжээ авсугай” гэжээ. Түүнчлэн Өмнөговь сумын Улиаст багийн Засаг дарга Г.Цэдэнбал дараа сарынх нь 5-нд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйд захидал бичиж, санхүүжилтийг нь гацааж байв. Энэхүү балгийг нь “баллуурдах”-ын тулд өмнөд хөршийн Гадаад харилцааны сайдыг айлчлах үеэр учирлах шаардлага гарч байлаа. Уг станцыг барихад шаардлагатай санхүүжилтийг гаргаж чадахгүй тул 95 хувийг нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр байгуулахаар байгаа билээ. Сум, багийн Засаг дарга нарын шийдвэр нэг иймэрхүү. Уг нь Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн эрчим хүчний сэргэлтийн хүрээнд сэргээгдэх эх үүсвэрүүд, тэр дундаа УЦС барихыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнэбүрэн, Эгийн голын УЦС барихыг зорьж буй. Тиймдээ ч Эрдэнэбүрэнгийн станцын төслийн явцтай Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч өнгөрсөн онд газар дээр нь очиж танилцсан байж таарна. Гэтэл бодит байдал дээр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн нэгжийг аль 2015 онд байгуулсан ч дээрх сумдын иргэдтэй ойлголцож ч амжаагүй, хатуухан хэлбэл яст мэлхийн хурдаар ажиллаж байна.
УУЛ УУРХАЙН ТӨСЛҮҮДЭД ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ БОЛОМЖТОЙ Ч...
Өнгөрсөн есдүгээр сард ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан уул уурхайн салбар стратегийн чухал ач холбогдолтойг тэмдэглээд, “Төр нэг гараараа зөвшөөрөл өгчихөөд, нөгөө гараараа хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлээ дарамталж болохгүй” гэсэн юм. Мөн салбарын сайд Ж.Ганбаатар УУХҮЯ-ны зүгээс хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалт, хуваарилалтын зарчимд тулгуурласан бодлого хэрэгжүүлж, үүний хүрээнд хариуцлагатай уул уурхайг дэмжих, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаалах, хувийн хэвшлийнхэнд боломж, итгэл өгч хамтран ажиллах, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд анхаарахаа илэрхийлж байв. Нөгөөтээгүүр, хөрөнгө оруулагчдын итгэл багасан, салбарын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц эсэргүүцэл нэмэгдэж, хууль бус олборлолт, хариуцлагагүй уул уурхай бийболсныгцэгцлэхийн төлөө ажиллахын сацуу томоохон ордуудыг эргэлтэд оруулахыг дэмжинэ гэдгээ дурдсан. Бас“Манай улсын хувьд хөрөнгө оруулалт, хайгуулын хэмжээ эрс багасаж, түүхий эдийн нөөцийн хомсдол үүсэх, эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл бүрдэхээр байгаа учраас ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг зохих түвшинд олгож эхэлнэ” гэж мэдэгдсэн юм. Угаасцар тахлын дараах эдийн засгийг сэргээхийн тулд эрдэс баялгийн салбарыг идэвхжүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжихээс өөр аргагүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч Засгийн газраас уул уурхайн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, стратегийн бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлж, эдийн засаг, бусад салбарыг өргөжүүлэн хөгжүүлэх зорилт тавьж буйг онцолсон удаатай. Тэрбээр “Монгол бол уул уурхайн орон. ДНБ-ий 25, экспортын орлогын 90, төсвийн орлогын 30 гаруй хувийг бүрдүүлж, Монголд эргэлдэж буй дөрвөн төгрөг тутмын нэг, олон улсад экспортолдог 10 барааны ес нь уул уурхайн бүтээгдэхүүн байна. Цаашид “Оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр”-тэй дүйцэхүйц уул уурхайн олон шинэ төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй. Тиймээс хайгуулын лицензтэй холбоотой тогтолцоог бүхэлд нь өөрчлөх шаардлага үүсэж байна. Засгийн газраас бодлогоор дэмжиж ажиллана” гэж байв. Засгийн газрын тэргүүн ийм байр суурь баримталж байгаа, нэгэн үед олон улсын уул уурхайн гол цэг болж, дэлхий нийт анхаарал хандуулан, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж асан цагийг эргүүлэн авчрах хүсэл төр, засагт, компаниудад чбий, уг нь. Гэтэл Засгийн газар, яам, агентлагаас ч илүү эрх мэдэлтэй, сайдын олгосон тусгай зөвшөөрлийг цуцлуулсугай гээд том толгойлоод сууж байдаг багийн Засаг дарга, ИТХ-ын даргатай байх нь хэвийн үзэгдэл үү. Засгийн газрынх нь бодлого дороо очоод унадаг, тогтолцооны энэхүү гажуудлыг хэн засах ёстой вэ. Төр, засгийн зүгээс стратегийн том төсөл, хөтөлбөрүүдийг гацаасан этгээдээс алдагдсан боломжийн өртгийг нэхэмжилнэ гэсэн ч өөрчлөгдсөн зүйл алга. Бүх шатны дарга төр, засгийн шийдвэрийг орон нутагтаа танилцуулж, хэрэгжүүлэх үүрэг хүлээх ёстой. Харамсалтай нь, тэд төрийн бодлогыг иргэд, олон нийтдээ танилцуулдаггүйгээс орон нутагт нь орж ирэх хөрөнгө оруулалтыг үргээх гэж байна.
Биднийг ийн мунгинаж суухад дэлхий даяар 12 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтаар 13 000 гаруй уул уурхайн төсөл хэрэгжүүлж буй дүн бий. Тэгэхээр зөвхөн Монгол л баялагтай мэт аашилж болохгүй нь төвөггүй ойлгогдоно. Нөгөөтээгүүр, манайх дэд бүтэц муутай, гадаад зах зээлд том тоглогч болж чадаагүй. Уг нь манай улсын газар нутгийн ердөө 0.27 хувьд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй ч нийт экспортын орлогын дийлэнх буюу 94 хувийг бүрдүүлж байгаа юм. Төсвийн орлого, улсын хөгжилд ихээхэн нөлөөтэй эл салбарт хөрөнгө оруулалт татахад амжилттай хэрэгжүүлсэн уул уурхайн төслийн олон жишээ (success story) хэрэгтэй ч манайд цөөн байгаа нь харамсалтай.
Байгалийн баялагтай Монгол “Дараагийн Катар” гэгдэж асан цаг өнгөрч, боловсролтой залуус нь агаарын бохирдол, түгжрэл, “нүүрсний хулгай” зэргээс болж шантарсандаа гадаадын орнуудыг зорих нь ихсэж, тархины гоожилт (brain drain) болж байгааг зүгээр хараад суусаар байх уу. Агаарын бохирдлын асуудлыг шийдэхэд нөлөөтэй нүүрсний давхаргын метан хийн хэд хэдэн төслийг манайд хэрэгжүүлж буй. Тэдгээр төслийгамжилттайхэрэгжүүлэхньагаарын бохирдлоор дэлхийд тэргүүлдэг манай улсын хувьд утаанаас салах ганц шийдэл юм, уг нь. Харин чадахгүй аваас энэ салбар бүхэлдээ хөгжих, эсэх нь тодорхойгүй, эгзэгтэй цаг үед ирээд байна. Нүүрсний давхаргын метан хий бол газрыг ухалгүйгээр цооногоор олборлох боломжтой, ашиглалгүй үлддэг ногоон эрчим хүч юм. Ийм төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж буй компанийн зарим нь Австралиас хөрөнгө босгосон. Австрали улс нь нүүрсний давхаргын метан хийн үйлдвэрлэл, хэрэглээний арвин туршлагатай. Туршлага, стандартыг нь нэвтрүүлж Австрали, Канад зэрэг орны хөрөнгө оруулагчдыг татаж, уул уурхайгаа хэдэн зуун жилээр хөгжүүлж өдий зэрэгт хүрсэн ноу-хауг нь нэвтрүүлж, хөгжлийн замаа товчлох боломжийг ашигламаар байна. Экспортын орлогын 94 хувийг дангаар бүрдүүлж буй уул уурхайн салбарынхнаа чичилж, агаар дахь хүхрийн хий, тоосонцрын бохирдол стандартаас давсан Улаанбаатарын утааг арилгах ач холбогдолтой төслийг зогсоосны алдагдсан боломжийн өртгийг хэн төлөх вэ? ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү “Утаанаас үүдэлтэй элэгний эсийн хавдрын шинэ мутац илэрснийг судалгаагаар тогтоосон” хэмээн ярьсан. Агаарын хэм -40 давж хүйтэрч буй энэ өдрүүдэд гэр хорооллын иргэдийн шахмал түлш түлэх хэмжээ нэмэгдэнэ үү гэхээс багасахгүй. Сүүлийн дөрвөн жил нүүрсийг сайжруулсан түлш болгон гэр хорооллын өрхүүдийн хэрэгцээнд нийлүүлэхэд 800 гаруй тэрбум төгрөг зарцуулсан ч иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулсан хэвээр. Хорт хийн хөндий гэж болох Улаанбаатар дахь гэр хорооллын айл өрхүүд нүүрсний хэрэглээнээс татгалзаж, хийн түлш хэрэглэдэг болчихвол олон давуу талтай. Нийслэл төдийгүй аймгуудад агаарын бохирдол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрснийг олон нийтийн сүлжээнд иргэд бичсээр буй. Иймээс ч нүүрснээс хийн түлш үйлдвэрлэж, ашиглах нь зүйтэйг мэргэжилтнүүд хэлж байгаа. Нөгөөтээгүүр, манай улсын хувьд ойрын жилүүдэд уул уурхайгаас илүү өрсөлдчихөөр салбар байхгүй. Гэтэл учрыг нь олоогүй атлаа уул уурхай гэхээр л эсэргүүцдэгээ болих, үүний тулд эрдэс баялгийн салбарын талаарх монголчуудын ойлголт, хандлагыг шат ахиулахад анхаарах цаг болсон. Энэ мэтчилэн компаниудыг эсэргүүцэж, бүр төслийг нь зогсоож, хөрөнгө оруулагчдыг үргээсээр байвал бид эрчим хүчний хараат хэвээр үлдэнэ.
Бэлтгэсэн Б.Сонор