Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас (JICA) “Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах нь” төсөл хэрэгжүүлэн орон нутагт хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжихэд 20 000 ам.долларын санхүүжилт олгожээ. Үүнд Хөвсгөл аймгийн “Жинст мөрөн” компанийн сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний боловсруулалтыг сайжруулах төсөл шалгарч, амжилттай хэрэгжүүлснийг МҮХАҮТ-аас мэдээллээ. 2007 оноос түүхий эд бэлтгэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулсан тус компани 2009 оноос сарлагийн ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр мөн ажиллажээ. Тэгвэл дээрх төслийн хүрээнд боловсруулалтын тоног төхөөрөмжөө шинэчлэн, өдгөө жилд 3000-4000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тодорхой хувийг нь Европын Холбооны улсууд руу экспортолж байгаа аж.