Монголын анхны нунтаг төмөрлөгийн үйлдвэр “Талын металл нунтаг” компани нь 2022 оны дөрөвдүгээр сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тус компани катодын болон хоёрдогч түүхий эдийн зэсийг боловсруулж, нэмүү өртөг шингээсэн, нунтаг төмөрлөг үйлдвэрлэж байна. Нунтаг төмөрлөг буюу төрөл бүрийн хэмжээ, талсттай зэсийн нунтгийг Европын Холбооны улсууд руу экспортлохоос гадна цаашид аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорин ажиллаж буйгаа “Талын металл нунтаг” компанийн ТУЗ-ийн дарга П.Цагаан өчигдөр УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны зарим гишүүнд үйлдвэрээ танилцуулах үедээ дурдлаа. Тэрбээр “Нунтаг зэс гаргадаг үйлдвэр дэлхийд ердөө 24 байдаг. Дэлхий дахинд жилд хоёр сая тонн металл, 120 000 тонн зэсийн нунтаг хэрэглэж буй тооцоо бий. Эдгээр нь автомашин, гар утас, үнэт эдлэл, төрөл бүрийн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэх чухал түүхий эд болдог, эрэлт нь жилээс жилд нэмэгдэж байгаа юм. Манай компанийн хувьд гадаадын банкнаас зээл авч, үйлдвэрээ ашиглалтад оруулж, ажилчдаа сургаж, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангахын тулд таван жил зарцуулсан. Жилд 3000 тонн нунтаг зэс гаргах хүчин чадалтай ч энэ жилийн хувьд 300-500 тонныг бэлтгэх төлөвлөгөөтэй” гэлээ. “Талын металл нунтаг” компанийнхан үйл ажиллагаагаа тогтворжуулж, бүрэн хүчин чадлаараа ажиллахад юуны түрүүнд татварын хөнгөлөлт хэрэгтэй байгаа аж. Тодруулбал, импортоор оруулж ирдэг нэмэлт түүхий эд болох цайр, цагаан тугалга, мөн сэлбэг хэрэгслийг НӨАТ, гаалийн татвараас чөлөөлж өгөхийг УИХ-ын гишүүдээс хүслээ. Мөн дотоодоос худалдан авдаг катодын зэс, хоёрдогч түүхий эдийг НӨАТ-аас, судалгаа хөгжүүлэлтэд зарцуулсан, зарцуулах зардалд татвар ногдуулахгүй болговол үйлдэрлэлээ тогтворжуулан, бүтээгдэхүүний гарцаа нэмэгдүүлэхэд дөхөм болохыг дурдсан юм. Түүнчлэн тээврийн зардал өндөр буюу кг тутамд нэг ам.доллар төлж байгаа нь Европ, Ази дахь өрсөлдөгч компаниудынхтай харьцуулахад 2-3 дахин өндөрбайгаад анхаарч, гаалийн хялбаршуулсан, эсвэл түргэвчилсэн бүрдүүлэлтийн жагсаалтад нунтаг зэсийг багтаахыг хүслээ. Манай улсад жил бүр 1000 орчим тонн зэсийн хаягдал үүсдэг аж. Үүнийг шууд БНХАУ руу хямд үнээр экспортолдог бөгөөд хэрэв нунтаглан гаргавал тонн тутмынх нь өртөг харьцангуй өсөх боломжтой гэнэ. Тиймээс ажлын байр нэмэгдүүлэн, өндөр технологийн, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй, цаашид үйлдвэрлэх аж ахуйн нэгжүүдэд төрийн дэмжлэг чухал байгааг “Талын металл нунтаг” компанийнхан онцоллоо.