“Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрс тээврийн үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах тендер шалгаруулалтын явц, үүнд оролцогчдын талаар Төрийн худалдан авах ажиллагааны газраас өчигдөр мэдээлэл хийв. Засгийн газрын өнгөрсөн оны 362 дугаар тогтоолоор Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд ашигт малтмалыг уурхайн ам нөхцөлөөр борлуулах шинэ гэрээ байгуулахыг зогсоож, хилийн үнээр худалдан борлуулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компани ирэх сарын 1-нээс хилийн нөхцөлөөр нүүрс борлуулахтай холбогдуулан Төрийн худалдан авах ажиллагааны газраас нүүрс тээврийн үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах тендер шалгаруулалтыг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 19-нөөс 30 хоногийн хугацаатай зарласан билээ. Тендерт шалгарсан компани Тавантолгойн ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл нүүрс тээвэрлэх эрхтэй болох юм. Тендерийн материал хүлээн авах эцсийн хугацаа өчигдөр дуусаж, нээхэд нийт 218 компани 23 багц ажилд 377 тендер ирүүлжээ. Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендерийн үнэлгээг шуурхай хийх гэнэ. Тус газар нүүрс тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд нийт зургаан удаа сургалт хийсэн байна. Мөн тендерийн өмнөх уулзалтыг өнгөрсөн 12-нд компаниудын 290 төлөөллийг хамруулан зохион байгуулжээ.