УИХ-аас байгуулагдсан, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гурав дахь өдрөө үргэлжлэв. Өчигдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 31 гэрчийг дууджээ. Сонсголд дуудагдсан “Кью Эс Си”, “Хөтөл”, “Мондулаан трейд”, “Пи Си Вай”, “Хатант интернешнл”, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, Эрчим хүчний яам, “Строй-инвест”, “Цэцэнс майнинг”, “Скайлэнд энержи” компанийн баримтуудыг дарааллын дагуу шинжлэн судалсан юм. Харин “Вояжер минерал ресурсес” компанитай холбогдох баримттай өнөөдөр танилцахаар хойшлуулав. Учир нь холбогдох материалыг цахимаар харах боломжгүй байгаа аж. Үүнтэй холбоотойгоор компаниудын зээлийн материалыг өөрчлөх, нуух оролдлого гарахаас сэргийлэхийг түр хорооны зүгээс анхааруулсан юм.
Б.ЭНХБАЯР (Түр хорооны дарга): -Энэ зээлийг ер нь ямар зорилготой авсан бэ?
Э.ШИЖИР (“Кью Эс Си” компанийн эцсийн өмчлөгч): -Уул уурхайн металлургийн төслийг эхлүүлэхээр 2010 оноос Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулагчаар ажилласан. Нэг талаас төмрийн хүдрийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нөгөө талаас эрдэс баялгаас ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндсэн зорилготой. Стратегийн Төмөртэйн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд гурван төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь Хандгайт-Төмөртэйн ордын төмөр зам тавих байсан. Үүнд зориулж 2014 онд Хөгжлийн банкнаас шаардлагатай нийт санхүүжилтийн гуравны хоёрыг зээлсэн юм. 2015 оны арванхоёрдугаар сард төмөр замыг Улсын комисст хүлээлгэн өгсөн. Уг төсөлд Худалдаа, хөгжлийн банк санхүүгийн зөвлөхөөр хамтран ажилласан юм. Ер нь нийт нэг их наяд орчим төгрөгийг эл төсөлд зарцуулсны 10 орчим хувийг Хөгжлийн банкнаас авсан. Биднийг зээлээ зориулалтын бусаар ашигласан юм шигээр ярьж байна. Хөгжлийн банкнаас зээл олгох шийдвэр гарч байх үед бид төмөр зам барих төсөлд 12 орчим сая ам.долларын санхүүжилт хийгээд байсан юм. Үүн шиг олон дэд төсөлтэй томоохон ажлыг хийхдээ мөнгөн урсгалыг оновчтой удирдахын тулд Хөгжлийн банкнаас нэг дор шилжүүлсэн санхүүжилтийг өмнөх зээлүүдээ хаахад зарцуулсан. Тиймээс ч төслөө амжилттай хэрэгжүүлсэн гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл, зээлээ зориулалтын дагуу ашигласан гэсэн үг.
Б.ЭНХБАЯР: -Хөгжлийн банкнаас танай төслийг санхүүжүүлсэн нийт зээлийн хэмжээ 71.3 сая ам.доллар. Үүний тал нь буюу 36.5 сая ам.долларыг Монголбанкан дахь Улаанбаатар хотын банкны ам.долларын данс руу “зузаатгал” нэрээршилжүүлжээ. Үүнийг зориулалтын дагуу зарцуулсан гэж хэлэх үү?
Э.ШИЖИР: -“Кью Эс Си” компанид үүсээд байсан зээлүүдээ хаасан гэдгээ түрүүнд хэллээ. Үүний дараагийн гүйлгээнүүд манайд хамаагүй.
Б.ЭНХБАЯР: -Таны зээл хаасан гэж хэлээд байгаа шилжүүлэг 36.5 сая ам.долларын гүйлгээнээс тусдаа юм. 29.7 сая ам.долларыг “Худалдаа, хөгжлийн банкан дахь шугамын зээлийг хаасан” гэж зарцуулсан нь шинжээчийн дүгнэлтэд бий. Өөрөөр хэлбэл, та 29.7 саяар нь зээлээ хаажээ. Үүнтэй санал нийлэх үү?
Э.ШИЖИР: -Эргэж харъя. Хөгжлийн банкнаас зээл авахаас өмнөх гүйлгээг энд харуулаад байх шиг байна.
Б.ЭНХБАЯР: -Та зээлээ уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах төслийн хүрээнд Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүр тэл 33.4 км зам, ачиж, буулгах терминал барихад зориулах ёстой. Үүнээс өөрөөр ашиглахыг хориглох заалт гэрээнд бий. Одоо бүтээн байгуулалтын гүйцэтгэлтэй холбоотой зургийг дэлгэцэд харуулъя. Мардайн төмөр замыг буулгаж төслийн бүтээн байгуулалтад ашигласан гэдэг мэдээлэл байна. Энэ үнэн үү?
Э.ШИЖИР: -Гүйцэтгэгч компани ямар материал ашигласныг сайн мэдэхгүй. Ямартай ч чанар, стандартын шаардлага хангасан гэж үзэж байгаа.
Б.ЭНХБАЯР: -Худалдаа, хөгжлийн банкны үүсгэн байгуулагч Д.Эрдэнэбилэг таны хамаарал бүхий этгээд мөн үү?
Э.ШИЖИР: -Биш, ямар ч хамааралгүй.
Б.ЭНХБАЯР: -Хамаарал бүхий байдлын танилцуулгыг дэлгэцэд харуулна уу. Өмнө нь “Кью Эс Си” компанийг “Стил индастриал”, “Оргил смарт солюшн” тус бүр 40, “Юнайтэд энержи” 60, “Улаанбаатар капитал” 10, “Ти Ди Би секюритис” 30 хувь эзэмшиж байжээ. “Стил индастриал” нь 100 хувь Э.Шижирийнх юм байна. Энэ хүн та мөн үү. Өөрөөр хэлбэл, та “Стил индастриал”-аар дамжуулан “Кью Эс Си” компанийг дамжуулан эзэмшиж байна гэж ойлгож болох уу.
Э.ШИЖИР: -Болно.
Б.ЭНХБАЯР: -“Оргил смарт солюшн” компани 100 хувь А.Бат-Оргил гэдэг хүний эзэмшилд байдаг юм байна. Та түүнийг таних уу. Энэ асуултыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатад тавья.
Э.ШИЖИР: -Энэ компанийн хувьцаа эзэмшигч гэдгээр нь мэдэхгүй.
Н.МӨНХБАТ: -Сайн мэдэхгүй. Зургийг нь харж болох уу?
Б.ЭНХБАЯР: -Таныг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад Актив, пассив удирдлагын газрын ахлах мэргэжилтэн А.Бат-Оргил гэж хүн байсан уу (“Кью Эс Си” компанид дээрх зээлийг олгохтой холбоотойгор Актив, пассив удирдлагын газраас бэлтгэсэн албан бичигт ахлах мэргэжилтэн А.Бат-Оргил гарын үсэг зурсан баримтыг дэлгэцэд харуулав).
Н.МӨНХБАТ: -Ажилладаг байсан.
Б.ЭНХБАЯР: -Энэ хүн -“Оргил смарт солюшн” компанийг 100 хувь эзэмшдэг байсан юм байна. Та мэдэж байсан уу?
Н.МӨНХБАТ: -Мэдэхгүй. Хэзээ тийм болчихсон юм бол, гайхаж байна. Хэрэв зээл олгоход оролцсон ажилтан ямар нэг байдлаар тухайн компанийнхаа хувьцааг эзэмшиж буй тохиолдолд түүнийгээ мэдэгдэх үүрэгтэй. Хөгжлийн банкны тухай хуульд үүнийг тодорхой заачихсан.
Б.ЭНХБАЯР: -Холбогдох бүхий л баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр үүнийг ярьж байгаа. Энэ хүн дээрх зээлийг олгохоор шийдвэрлэсний дараа ажлаасаа гарсан. Цааш нь үргэлжлүүлье. “Юнайтэд энержи” компанийг 100 хувь эзэмшигч Г.Хүрэлбаатарыг Э.Шижир та таних уу. Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбатын хүү мөн үү?
Э.ШИЖИР: -Мэднэ, мөн байх.
Б.ЭНХБАЯР: -“Улаанбаатар капитал”-ын 100 хувийн эзэмшигч Н.Мөнхбаатарыг таних уу. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан гэх “Монголиан коппер корпорэйшн”-ий захирал мөн үү?
Э.ШИЖИР: -Мэднэ, мөн.
Б.ЭНХБАЯР: -“Ти Ди Би секюритис” нь 100 хувь Э.Тулгын нэр дээр байдаг. Энэ хүн Худалдаа, хөгжлийн банкны үүсгэн байгуулагч
Д.Эрдэнэбилэгийн хүүхэд мөн үү?
Э.ШИЖИР: -Мэдэхгүй.
Б.ЭНХБАЯР: -“Кью Эс Си” компанид олгосон зээлийн барьцаа, эргэн төлөлтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан тодруулга мэдээлэл өгнө үү.
Б.ЖАВХЛАН: -Э.Шижир захирал зөрүүтэй зүйл яриад байгаа учраас эхлээд бага зэрэг тодруулъя. Харамсалтай байна, таныг үнэн, зөв мэдээлэл өгнө гэж найдаж байлаа. Шинжээчийн дүгнэлтэд ч барьцаа хөрөнгийн талаар дутуу тусга сан байна. Тухайн үед барьцаалсан хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн зарим нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн эзэмшилд байсан юм. Түүнээс биш “Кью Эс Си”-гийн хөрөнгө биш. Концессын гэрээгээр эзэмшиж байсан компанийнхаа хөрөнгийг барьцаалчихсан хэрэг. Төмөр замын бүтээн байгуулалт амжилттай болсон ч металлургийн үйлдвэрийн цогцолбор барих төслийн явцыг хурдасгаагүй. Өөрөөр хэлбэл, баялгийг түүхийгээр нь экспортод гаргах үйл явцыг л хурдасгасан юм. Нөгөө талаас, таны хаасан гээд байгаа зээлүүдийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авахад зарцуулсан шүү дээ. Үүнийг гүйлгээ бүрээр нь ярих боломжтой.
Б.ЭНХБАЯР: -Дэгийн дагуу зөвхөн нотлох баримтын хүрээнд ярих ёстой.
Б.ЖАВХЛАН: -Уучлаарай, 2014 оны арванхоёрдугаар сарын 3-нд авсан зээлээ төлөхгүй явсаар байгаад 2021 оны төгсгөлд давж заалдах дээд шатны шүүх 191.3 тэрбум төгрөгийг “Кью Эс Си”-гээс Хөгжлийн банканд төлөх ёстой хэмээн шийдвэрлэсэн. Үүнээс хойш тус компанийнхан төлөлт дөө хариуцлагатай хандаж байгаа. Ингээд өнгөр сөн оны зургадугаар сарын 30-нд бэлэн хөрөнгөөр, нэг дор бүх өрөө төлж, барагдуулсан.
Б.ЭНХБАЯР: -Цэгцтэй байх үүднээс нэг асуудлаа мухарлая. Н.Мөнхбатаас асууя. А.Бат-Оргилыг та тушаал гарган ажилд авсан уу.
Н.МӨНХБАТ: -Мэргэжилтнүүдийг гүйцэтгэх захирлын тушаалаар ажилд авдаг ч эцсийн шийдвэрийг Удирдлагын хороо гаргадаг. А.Бат-Оргилын тухайд сайн санахгүй байна. Намайг гүйцэтгэх захирал байхад маш олон хүнийг ажилд авсан үе таарсан л даа.
Б.ЭНХБАЯР: -А.Бат-Оргил нь 2014 оны аравдугаар сарын 15-наас 2015 оны нэгдүгээр сарын 15 хүртэл Хөгжлийн банкны Хөрөнгийн удирдлагын газрын Нөөцийн удирдлагын хэлтэст мэргэжилтэн, үргэлжлүүлэн 2015 оны арваннэгдүгээр сарын 18 хүртэл ахлах мэргэжилтэн, цааш нь 2016 оны гуравдугаар сарын 10 хүртэл хэлтсийн захирал, улмаар Эрсдэлийн газрын захирлаар ажиллаж байжээ. Энэ үнэн болов уу?
Н.МӨНХБАТ: -Миний санаж байгаагаар тухайн үед ачаалал нэмэгдсэний улмаас нэлээд хэдэн шинэ ажилтныг 2013, 2014 онд авсан. Тэр үед хариуцсан газрынх нь захирлын саналаар авч байсан юм. Харин миний санаж байгаа зөв бол А.Бат-Оргил нь ТУЗ-ийн шийдвэрээр Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар томилогдсон. Газрын захирлын томилгоог ТУЗ дангаараа хийдэг.
Б.ЭНХБАЯР: -А.Бат-Оргил нь Худалдаа, хөгжлийн банкны үүсгэн байгуулагч Д.Эрдэнэбилэ гийн төрсөн эгч Д.Алтанцэцэгийн хүүхэд гэдгийг та мэдэж байсан уу?
Н.МӨНХБАТ: -Ямар ч мэдээлэл алга.
Т.ДОРЖХАНД (УИХ-ын гишүүн): -Энэ зээлийг гаргах үед Хөгжлийн банк хаана, хэний байрыг түрээсэлж байсан бэ?
Б.ЭНХБАЯР: -Гишүүдэд нийтэд нь сануулахад Хөгжлийн банкны хөрөнгийн зарцуулалтыг дараагийн сонсголын үеэр сонсож танилцана.
Н.МӨНХБАТ: -Хариулахаасаа өмнө асууя. Мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа энэ үед би нээлттэй хариулж болох юм уу. Надад сөрөг үр дагавар үүсэхгүй гэсэн баталгаа байна уу?
Б.ЭНХБАЯР: -Гурав дахь өдрөө болж буй сонсголд та анх удаа оролцож байгаа болохоор сануулъя. Та Үндсэн хуульд зааснаар өөрийн болон гэр бүлийн гишүүн, төрөл садныхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Мөн худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээнэ. Таны мэдүүлэг шүүхэд нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ.
Н.МӨНХБАТ: -Тэгвэл аль болох нээлттэй хариулъя. Намайг ажил авахад Хөгжлийн банк Монголбанкны эсрэг талд “Макс тауэр” барилгад түрээсээр үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн үед хоёр жил дараалан алдагдалтай ажиллаад байсан юм. Намайг ажил авснаас хойших гурван жилд ашигтай ажиллаж, үйл ажиллагаа нь өргөжсөн. Тиймээс төрийн өмчит байранд ажиллах хүсэлтийг удаа дараа тавьж байсан ч “Бололцоогүй” гэдэг хариулт авсан. Ингээд одоогийн байр буюу Худалдаа, хөгжлийн банкны төв оффист өөрийн гэсэн байртай болж, нүүсэн гэв.