АНУ-ын Төрийн департаментын дэргэдэх Эрчим хүчний нөөцийн товчооны (ENR) дэмжлэгтэйгээр тус улсын эрчим хүчний зохицуулагчдын үндэсний холбоо (NARUC), Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хороотой зохицуулалтын түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагаа нь эрчим хүчний зохицуулалтын чадавхыг бэхжүүлж, Монгол улсад тогтвортой, үр ашигтай, ил тод, өрсөлдөх чадвартай эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр үзүүлэх зорилготой юм.
Өнөөдөр /01 сарын 18/ АНУ-ын эрчим хүчний зохицуулагчдын үндэсний холбоо болон ЭХЗХ хамтран туршлага солилцох семинари зохион байгуулж байна. Тус семинарт ЭХЗХ-ны удирдлагууд, мэргэжилтнүүд, ЭХЯ, ЦДҮС, УБЦТС, ДҮТ-ийн мэргэжилтнүүд оролцов. Семинарийн үеэр Монгол Улсын ЦШС-ний шинэчлэл, Тархмал эх үүсгүүр, Нөөцийн нэгдсэн төлөвлөгөөний талаарх ерөнхий тойм, Хойд Америкийн ЦШС шинэчлэх стратеги, төлөвлөлт, Хавайн ЦШС-ний шинэчлэл - Стратеги ба процесс, АНУ-ын ЦШС шинэчлэлийн ажлын хэрэгжилтэд хийж буй хяналт шинжилгээ, үнэлгээ зэрэг сонирхолтой сэдвээр илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг өрнөх аж.
Семинарийг зохион байгуулагчид болон оролцогчдын хувьд хуваалцсан мэдлэг зөвлөмжийг хэрэгжүүлж, Монгол улсын цахилгаан, эрчим хүчний салбарын зохицуулалтыг сайжруулах, эрчим хүчний чиглэлээр дэвшүүлээд байгаа зорилго, зорилтын биелэлтийг хангах нь 2 орны эрчим хүчний салбарын түншлэлд оруулах чухал хувь нэмэртэй.
Монгол Улсын Засгийн газар нийт эрчим хүчний үйлдвэрлэл дэх Сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2023 он гэхэд 20%, 2030 он гэхэд 30%-д хүргэх зорилт тавьсан. Энэ зорилт нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалыг өөрчлөлтийг сааруулах зэрэг Парисын хэлэлцээрийн хүрээнд өргөн мэдүүлсэн Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэртэй нийцэж байгаа юм. Зорилгодоо хүрэхийн тулд Монгол Улс гэнэтийн эрсдэл, хүндрэлд тэсвэртэй бөгөөд шинэ зууны сорилтуудыг даван туулах чадвар бүхий шугам сүлжээг бий болгож шинэчлэх нь амин чухал асуудал болоод байна. Сүлжээний шинэчлэл нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чухал хэрэгсэл болох сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг сүлжээнд холбоход илүү дөхөмтэй, хялбар болгох юм.