ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газраас хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "хүүхдийн мөнгө шинэчлэгдсэн журмаар олгох болсонтой холбоотойгоор олон нийтийн дунд бухимдал төрүүлсэн. Засгийн газраас шуурхай ажлын хэсэг байгуулж, энэ асуудлыг 14-21 хоногийн дотор шийдвэрлэхээр ажиллаж байна. Өдөр тутам мэдээллийг олон нийтэд өгч, богино хугацаанд зохицуулахыг зорьж буй. Хүүхдийн мөнгө олгохтой холбоотой өрхийн мэдээллийн сан нэгжийн бага түвшиндээ мэдээллээс зохих хасалт, шинэчлэлт хийдэггүй. Тэр ч утгаараа Засгийн газраас иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа холбогдох агентлаг, байгууллагуудад шуурхай ажиллах, бодит мэдээлэл өгөх.
Мөн иргэдэд тулгарч буй асуудлыг богино хугацаанд хүнд сурталгүй шийдвэрлэх үүрэг чиглэлийг өглөө. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 91 хувьд буюу нэг сая 39 мянган хүүхдэд олгоно гэх шийдвэр гарсан. Сүүлийн 17 жилийн хугацаанд нэг ч хүүхэд мөнгө авахгүй үлдэж байгаагүй. Эдгээр 91 хувьд багтсан хүүхдэд нэг ч сарын хохиролгүй хүүхдийн мөнгөн тэтгэмж нөхөн олгогдоно. Одоогийн байдлаар нийт хүүхдийн 72 хувь нь бүртгэгдсэн байна. Хүүхдийн мөнгийг 1 039 000 хүүхдэд олгоно. Өнөөдрийн байдлаар 823 354 хүүхдийн мөнгийг олгох буюу дансанд ороход бэлэн болсон. Тиймээс иргэдийг тайван байхыг хүсэж байна" гэв.