Монгол хүний өдөрт хэрэглэж буй хүнсний 70 орчим хувь нь ургамлын гаралтай байдаг аж. Дэлхийн худалдааны байгууллагын үнэлгээгээр манайх хүнсний хувьд импортоос хараат улсад тооцогддог. Тиймээс ургамлын эрүүл мэндийг хангаж, хянах, хамгаалах нь хүнсний аюулгүй байдал, цаашилбал хүний эрүүл мэндтэй нягт холбоотой. Тэгвэл ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Хүнсний аюулгүй байдал, ургамлын эрүүл мэндийг хамгаалах системийг сайжруулах” төсөл хэрэгжүүлж эхлэн, өчигдөр төлөвлөлтийн семинар зохион байгуулав. Дэлхий даяар, тэр дундаа Ази тивд пестицидийн хэрэглээ нэмэгдэж, харин хөдөө аж ахуйн газар талбай буурч байгаа энэ үед уг төслийг хэрэгжүүлж буй нь ач холбогдолтойг дээрх яамнаас тодотголоо. Эл төслийн хүрээнд ургамлын генетик нөөцийн бүртгэл, мэдээллийн системийг хөгжүүлэх, пестицидийн зохистой хэрэглээг дэмжих, хөрсний үржил шимийн менежментийг сайжруулах, ургамлын эрүүл ахуйн олон улсын стандартуудыг нутагшуулахаар зорьжээ.
Бэлтгэсэн Б.Сонор