Манай улсын 2022 он, өнгөрсөн сарын нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцууллаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ өнгөрсөн сард 2.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 91.9, зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 2.6 их наяд болж, 65.8 хувиар өсжээ. Татварын нийт орлого 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 15.6 их наяд төгрөг болж, өмнөх жилийнхээсээ 4.3 их наядаар дээшилсэн аж. Үүнд нэмэгдсэн өртгийн албан татвар 38.1, нийгмийн даатгалын орлого 32.4, орлогын албан татвар 18.7 хувиар нэмэгдсэн нь түлхүү нөлөөлсөн байна. Мөн улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ урьдчилсан гүйцэтгэлээр 18.6 их наяд төгрөг болж, 2021 оныхоос 4.3 тэрбумаар нэмэгдсэн аж. Mөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 29.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.4 хувиар ахижээ. Валютын харилцах дансны үлдэгдэл 2.1 дахин, хадгаламж 23.6 хувиар нэмэгдсэн нь уг өсөлтөд нөлөөлжээ. Үүнээс гадна аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл урьдчилсан гүйцэтгэлээр 23.3 их наяд төгрөг болж, 2021 оныхоос 4.8 их наядаар өссөн бөгөөд үүнд уул уурхай бүтээгдэхүүний олборлолт 32.1, боловсруулах үйлдвэрлэл 12.1 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлснийг дээрх хорооны тайланд дурдлаа.