Засгийн газар сүүлийн жилүүдэд улиг болтол ярьсан ч хэрэгжүүлж чадаагүй төсвийн хэмнэлтийн бодлогоо хүүхдийн мөнгөн тэтгэмжийг ялгавартай олгох санаачилгаар эхлүүллээ. Нийгмийн халамжийн тухай хууль, түүнийг дагалдах журамд тусгасан “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй, тэтгэмж авах хүсэлт гаргасан 0-18 насны бүх хүүхдэд сар бүр олгоно” хэмээх заалт, зохицуулалтыг өөрчилж, зөвхөн зорилтот бүлгийнхэнд олгох санаачилгыг өмнөх Засгийн газар, УИХ-ын гишүүд цөөнгүй удаа гаргасан ч бодитоор ажил хэрэг болгож чадалгүй өнөөдрийг хүрсэн юм. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд иргэдээ өрхийн орлого, санхүүгийн чадамжаар нь ангилж, хүүхдүүдийг нь давхар ялгаварлан, төрөөс олгодог тэтгэмжийг зорилтот бүлгийнхэнд олгохоор шийдвэрлэв. Энэ бол ялгаварлан гадуурхалт, шударга бус шийдвэр мөнөөс мөн. Үндсэн хуулийн 14.2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” хэмээн тов тодорхой заасан байдаг. Гэтэл хүүхдийн мөнгөн тэтгэмжийг ялгавартай олгох энэхүү шийдвэр нь иргэдийг хөрөнгө чинээ, эрхэлсэн ажлаар нь ялгаварлаж, эрхэд нь халдаж байна.
Уг тэтгэмжийг зорилтот бүлгийнхэнд олгох асуудлыг 2023 оны төсөв хэлэлцэх үеэс хөндөж эхэлсэн. Сангийн сайд Б.Жавхлан “Нийслэлийн өрхийн дундаж орлого 1.9, орон нутгийнх 1.6 сая төгрөг буй. Улсын дундаж нь 1.7 сая төгрөг. Дундаж хэмжээнээс хоёр дахин их буюу 3.5 сая ба түүнээс дээш орлоготой өрхийн хүүхдүүдэд тэтгэмж олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Нийт өрхийн есөн хувь нь өндөр орлоготой ангилалд багтаж байна. Тэгэхээр хүүхдүүдийн 90 хувь нь 100 мянган төгрөгөө үргэлжлүүлэн авна” гэж мэдээлсэн юм. Үүний хүрээнд ХНХ-ын сайд Т.Аюурсайхан хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмыг энэ оны эхээр шинэчлэн баталж, Үндэсний статистикийн хороо тэргүүтэй зургаан байгууллага төрийн мэдээллийн санд тулгуурлан өрхийн орлогыг орлуулан тооцох аргачлал боловсруулж, түүнийхээ дагуу хүүхдийн мөнгө авах айлуудын жагсаалтыг гаргажээ. Улмаар тэтгэмж авах шалгуурт нийцсэн хүүхдүүдийн эцэг, эхэд уржигдраас эхлэн цахим систем болон зурвасаар мэдэгдэл хүргүүлж эхэлсэн нь нийгэмд бөөн бужигнаан, бухимдал үүсгэв. Хүүхдийнх нь тоог хасаж, нэмсэн, алга болгосон, нэрийг нь буруу бичсэн, төрөл садны холбоотой айлуудыг нэгтгэсэн, заримыг нь олон тооны үл хөдлөх хөрөнгөтэй, өндөр орлоготой гэж тэмдэглэсэн гээд бүртгэлтэй холбоотой өчнөөн “но” энэ үеэр илэрлээ. Энэ байдлаас харвал нийт хүүхдийн 90 хувь нь мөнгө авах бус, тэтгэмжээс хасагдахаар байгаа юм. Ямар сайндаа л иргэд “Банкнаас зээл авах гэхээр орлого нь хүрэхгүй “улны айл”, хүүхдийн мөнгө тэтгэмжид хамрагдах гэхээр хэт өндөр орлоготой баян өрх болчихдог” гэж хошигнох вэ дээ. Иргэдийн шүүмжлэл, бухимдалд сандралдсан төрийн байгууллагынхан өчигдөр шил шилээ даран мэдээлэл хийлээ. УИХ-ынНийгмийн бодлогын байнгын хорооны хуралданаар ч энэ асуудлыг хэлэлцэв. Албаныхны ярьж буйгаар иргэд шилжилт хөдөлгөөний бүртгэлээ цаг тухайд нь хийлгэдэггүйгээс, төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажилладаггүйгээс өрхийн мэдээллийн санд ийм олон алдаа гарсан гэх. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон Сангийн сайд Б.Жавхлан нар үүнээс болж нэг ч хүүхэд хохирохгүй, тэтгэмжийг нөхөж олгоно, цахим системд үүссэн алдааг хугацаа алдахгүй засна гэж мэдэгдэв. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зорилтот бүлэгт олгох шийдвэр үндэслэлээсээ эхлээд л зохион байгуулалтын хувьд алдаа дутагдал дүүрэн байна. Мордохын хазгай гэгч л энэ байх.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр “Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож нэмсэн шийдвэрийг эргэж харах ёстой” хэмээн ярьсан. Угтаа энэ мөнгөний хэмжээг нэмсэн шийдвэрээ бус, ялгавартай олгох зохицуулалтаа эргэж харах ёстой юм. Энэ бол хавтгайрсан халамжаас тэс ондоо ойлголт. Дэлхийн ихэнх улс хүн амын өсөлтийг дэмжих, хүүхдийн амьдралын чанарыг сайжруулах зорилгоор ийм мөнгөн тэтгэмж олгодог. Тэд бүх хүүхдэд олгох бодлого, зарчим баримталдаг. Өрхийн орлогын түвшнээс хамаараад үүнийг ялгавартай олгох тохиолдол бий ч манайх шиг ор тас хасаж орхидоггүй юм байна. Япон Улсын Засгийн газар гэхэд 0-3 насны хүүхдэд сар бүр 15 000 (400 гаруй мянган төгрөг), 3-15 насныханд 10 000 иен (270 мянга орчим төгрөг) олгодог аж. Гурваас дээш тооны хүүхэдтэй айлд энэ тэтгэмжийг нас харгалзахгүй дээд хязгаараар нь буюу 15 000 иенээр тооцож олгодог гэнэ. Энэ нь хүүхдийн амьдралын чанарыг хадгалах зорилготой холбоотой. Орлогын хязгаар давсан чинээлэг айлуудын хүүхдүүдэд 5000 иен өгдөг байна. Өндөр орлоготой, амьдралын чанар сайтай өрхийн хүүхдүүд ч бусдын адил төрөөс тэтгэмж хүртэх ёстой гэж үздэг учраас тэр юм. Хүүхдийг эрүүл саруул өсгөж, хөгжүүлэхэд багагүй зардал шаарддагийг мэддэг тул ийнхүү дэмжлэг үзүүлдэг хэрэг. Гэтэл Монгол Улсын Засгийн газар энэ жишгийн эсрэг бодлого хэрэгжүүлэв. Монголд хүүхэд өсгөх тийм ч амар биш. Агаар, орчны бохирдлоос эхлээд элдэв дарамт их. Ямар сайндаа эмч нар “Өвлийн улиралд бүү жирэмслээрэй” гэж эмэгтэйчүүдэд зөвлөх вэ дээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, төгрөгийн худалдан авах чадвар, амьдралын чанарын үзүүлэлт, орчны эрүүл, аюулгүй байдал, сургууль, цэцэрлэгийн хүртээмж зэрэг наад захын зүйлийг бодоход л энэ мөнгө дэндүү бага, хаанаа ч хүрэлцэхээргүй. Хэмжээг нь хасах бус, нэмэх, ялгавартай олгох биш, илүү олон хүүхдэд хүртээх шаардлагатай. Харамсалтай нь, манай төр энэ мөнгөнд л “горойж”, төсвийн хэмнэлт хийхээр шийдэж, хөөрхий дөө.