Манай улсад 2022-2023 оны өвөл 71.1 сая мал тоологдсон. Малын тоо толгой ийнхүү түүхэн дээд түвшиндээ хүрлээ. Энэ хэрээр малын гаралтай түүхий эдийн хэмжээ өссөн гэсэн үг. Нөөц баялаг ихтэй байна гэдэг нь үйлдвэрлэлийн бүтээмжийг сайжруулж, нэмүү өртөг шингээсэн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг өсгөх том боломж. Гэтэл ийм боломжийг төдийлөн ашиглаж, хөнгөн үйлдвэрийн салбарыг дорвитой хөгжүүлж чадахгүй хэвээр байна. Малын гаралтай түүхий эдийн нөөц ихтэй учраас Монголд ноос, ноолуур, арьс, ширэн эдлэлийг боловсруулж, түүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэн, хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх талаар олон жил ярьж буй. Хэдийгээр уг салбарын бүтээмж жил ирэх бүр нэмэгдэн, түүхий эдийн боловсруулалтын түвшин өсөж байгаа ч дорвитой ахицгүй, ажлын байр олноор бий болгож чаддаггүйг мэргэжилтнүүд сануулдаг.
Жилд 10 000 орчим тонн ноолуур бэлтгэдэг бөгөөд үүнийг бүрэн ашиглаж бэлэн хувцас үйлдвэрлэхгүй ч дийлэнхийг нь боловсруулж 4500 тонн утас ээрч болох тооцоо бий. Ээрсэн утсаар даавуу хийн, импортын даавууны хэрэглээг бууруулж, экспортлох ч боломжтой бөгөөд зөвхөн ээрмэл утасны борлуулалтаас жилд 730 орчим сая ам.доллар олж болох дүн байна. Харин ийм хэмжээний утсаар бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл 1.4 тэрбум гаруй (нэг ам.долларыг 3400 төгрөгөөр тооцсон) “ногоон”-ы үнэд хүрнэ гэсэн үг. Өдгөө ажиллаж буй ээрмэлийн үйлдвэрүүдийн хүчин чадлыг хоёр дахин өсгөж байж дээрх дүнгийн үнэ бүхий утас хийх юм байна. Нэхмэлийн салбарын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр Итали тэргүүлдэг бөгөөд хос шугам суурилуулахад өнгөрсөн оны байдлаар долоон сая еврогийн өртөгтэй байжээ. Манай улсын хувьд ээрэх хүчин чадлаа одоогийнхоос хоёр дахин нэмэгдүүлэхийн тулд 84 сая евро зарцуулах тооцоог Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан байна. Ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт сэргэсээр, төрөөс ч боломжийн хэрээр дэмжин, аж ахуйн нэгжүүдэд зээл олгодог ч ээрэх шугам нэмж суурилуулж чадахгүй байгаагийн нэг шалтгаан нь түүхий эдийн үнэ өндөртэй холбоотой гэсэн. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Хөдөө аж ахуйн биржээр арилжсан нэг кг ноолуурын дундаж үнэ 230 000 орчим төгрөг байв. Ирэх хавар ноолуурын ханш үүнээс төдийлөн хямдрахгүй гэвэл үйлдвэрлэгчид түүхий эдээ бэлтгэх боломжгүйд хүрэх талаар Монголын ноос, ноолуурын холбооныхон тэмдэглэлээ. Ноолуурын ханшийг урд хөршийн мөнгө ихтэй иргэд, жижиг үйлдвэрүүдийн эзэд тогтоон, хэт хөөрөгдсөн үнэ санал болгодог гэж болох нь. Үүнийг халж өртөг, зардалд суурилсан аргаар ноолуурын жишиг ханш тогтоож өгвөл түүхий эдийн боловсруулалтын түвшин сайжирч, үйлдвэрлэлийн бүтээмж өсөн, улмаар бэлэн бүтээгдэхүүний үнэ хямдрах боломжтойг мэргэжилтнүүд хэлсээр байна.
АРЬС, ШИРНИЙ 80 ХУВИЙГ ХАЯЖ БАЙНА
Монгол Улс жил бүр дунджаар 20 сая ширхэг арьс, шир бэлтгэдэг. Үүнээс нэг сая ширхгийг нь л гүн, гурван саяыг нь хагас боловсруулж буй. Нийт түүхий эдийн 20 хүрэхгүй хувийг ашиглан, бусдыг нь хаясан хэвээр. Арьс, шир боловсруулалтын түвшин сүүлийн 10 жилд сайжирч, түүгээр хийх бараа, бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж байна. Гэсэнч их хэмжээний түүхий эд хаягдсаар байгаа нь түүхий эдийн чанар муу, улмаар малын өвчлөл газар авсантай холбоотой. Тодруулбал, малын өвчлөлөөс шалтгаалан арьс, шир цоорч, гэмтэн, шимэгчид идүүлсэн байдаг нь үнэ цэнийг нь бууруулж, үйлдвэрүүд худалдан авч, боловсруулахаас татгалзах шалтгаан болдгийг олон жил ярьж буй. Мөн малыг хээр гадаа бойлж, зориулалтын бус орчинд төхөөрснөөс арьсны хоёрдогч гэмтэл үүсдэг нь түүхий эд үнэгүйдэх нэг нөхцөл болж буй гэнэ. Арьс, ширний боловсруулалтын түвшнийг хэрхэн сайжруулж, үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгох талаар ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн “Улсын хэмжээнд мал эмнэлгийн байгууллагуудхувийн хэвшилд харьяалагддаг. Тиймээс төрөөс малын эрүүл мэндийг сайжруулахтай холбоотой кампанит ажлыг идэвхтэй хийхгүй, малчид, малын эмч нарын хоорондын асуудал болоод байгаа юм. Гэхдээ жил ирэх бүр малаа вакцинжуулах, өвчлөлөөс сэргийлэх товлолт тарилга хийлгэх, малын эрүүл мэндэд анхаарах малчдын тоо өссөн. Түүнчлэн энэ жилээс малыг хээр гадаа бойлох, зориулалтын бус орчинд төхөөрөхийг хориглосон. Энэ нь арьс, ширний хоёрдогч гэмтлийг багасгах, түүхий эдийн чанарыг сайжруулах нэг нөхцөл болно” гэв.
ХАЯГДАЛ МОДОО АШИГЛАЯ
Манай улс барилгын болон ахуй, албан тасалгааны хэрэглээний модон эдлэл худалдан авахад 2021 онд 6.4, өнгөрсөн жил 13 гаруй сая ам.доллар зарцуулж, хэрэглэж буй эдлэлийнхээ 90 орчим хувийг импортолжээ. Монгол цөлөрхөг уур амьсгалтай, нийт нутаг дэвсгэрт эзлэх мод, ногоон байгууламжийн хэмжээ бага учраас мод бэлтгэн, бүтээгдэхүүн хийж болохгүй гэх нь өрөөсгөл ойлголт аж. Ойн менежментийг сайжруулж, ойн бүсэд тогтмол мониторинг хийн, байгалийн хаягдлыг түшиглэсэн үйлдвэр байгуулж, модыг ашиглах нь экологийн тэнцвэрийг хадгалахаас гадна модон эдлэлийн үйлдвэрийг сэргээх нэг алхам болох нь. Монгол өдгөө 420.8 сая шоо метр модтой бөгөөд үүнээс байгалийн хаягдал болсон, унасан, хөгширснийг нь ашиглан нийт хэрэгцээнийхээ 50 хүртэлх хувийг хангах эдлэл хийж болохыг Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төвөөс гаргажээ. Үүний тулд био материал буюу модыг үйлдвэрлэлийн зориулалтаар тарих, мод үржүүлгийн салбарт өндөр технологи нэвтрүүлэх шаардлагатай. Үүний хүрээнд эхний ээлжид туршилт судалгааны лабораторийг ашиглалтад оруулах хэрэгтэй гэнэ. Ийм лабораторийг хөгжүүлэн, ашиглаж эхлэхэд нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэйг ч дээрх хүрээлэнгийнхэн тооцжээ.
Дэлхий даяар экологийн гаралтай, нөхөн сэргээгддэг баялгийг ашиглах, хүн болон байгальд ээлтэй үйлдвэрлэл хөгжүүлэхээр эрмэлзэж буй. Ийм эрмэлзэл, зорилтод манай улсад малын гаралтай түүхий эдийн нөөц арвин байдаг нь нийцэн, үүнийг бүрэн ашиглан, эдийн засгаа хөгжүүлэхэд дөхөм болно гэсэн үг. Нэмээд салбар бүрт шинжлэх ухааны ололт амжилт, орчин үеийн аргачлалыг нэвтрүүлж, урт хугацаанд тогтвортой бодлого баримталж байж илүү хөгжих нь ойлгомжтой. Үүнээс гадна хөнгөн үйлдвэрийн хөгжлийг ахиулж, бүтээмжийг дээшлүүлэхэд хүний нөөц дутагдалтай байна. Хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжилтнүүдийг манай улсад ШУТИС бэлтгээд 60 орчим жил болсон. Тус сургууль 120 гаруй мэргэжлээр жил бүр, нэг ангид дунджаар 25 оюутан сургаж иржээ. Тэгвэл сүүлийн 10 жилд эл тоо огцом буурч, ялангуяа хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжил олгох ангид элсэгчдийнтооердөө 2-3-т хэлбэлздэг болсон аж. Энэ нь ажилчдын цалин хөлс бага, мөн салбар хоорондын уялдаа муу байгаатай холбоотойг ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал, профессор Ж.Туяацэцэг дурдлаа. Тэрбээр “Хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэхэд түүхий эд бэлтгэлээс эхлүүлэн, эцсийн бүтээгдэхүүн бэлэн болгох хүртэлх бүх шат дамжлагад төрийн бодлого, хөрөнгө оруулалт шаардлагатай. Улсаас төрөл бүрийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн, зээл, тусламжийн хэмжээг өсгөсөөр байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ хүний нөөц бэлтгэх асуудал орхигдсон. Хөнгөн үйлдвэрүүдийг хувьчлахаас өмнө тэдгээр нь төлөвлөгөө гарган, төдөн жилд ийм тооны, тийм мэргэжлийн ажилчин, инженер хэрэгтэй гэсэн захиалгаа сургуулиуд, салбарын яаманд ирүүлж байж. Үүний дагуу мэргэжилтнүүдийг бэлтгэн, хүний нөөцийн хомсдолд өртөлгүй явж иржээ. Тэгвэл өдгөө нэгдсэн бодлогоор оюутан элсүүлж, төгсгөхөө больсон. Салбарын яам ч хаана, ямар мэргэжилтэн хэрэгтэй байгаа талаарх мэдээллийг нэгтгэж чаддаггүй. Нөгөө талд хөнгөн үйлдвэрийн салбарын ажилчдын эрэлт тогтмол өссөөр байгаа. Манай багш нар Япон, Итали зэрэг өндөр хөгжилтэй улсад боловсролын зэргээ ахиулсан, үйлдвэрүүд ч орчин үеийн шинэ технологи нэвтрүүлж байна. Харин тэдгээр үйлдвэрт ажиллах, тухайн багшаас суралцах хүн л цөөрсөн. Нэг анги 20 орчим оюутантай бол мэргэжил олгох, багш нар ч хичээл заах нөхцөл бүрддэг. Гэтэл өдгөө нэг ангид 2-3 оюутан элсэхээр бүртгүүлэх боллоо. Бид сургалтын арга зүйгээ өөрчлөн, 1-2 оюутанбайсан ч хичээллэдэг. Төлбөрийг нь бусад мэргэжлийнхээс арай өндөр тогтоож, зөрүүг нь хөнгөн үйлдвэрийн чиглэлийн аж ахуйн нэгжүүдээр төлүүлэх, төгсөгчөө ажлын байранд зуучлахад анхаарч буй. Цөөнгүй төгсөгч ийм маягаар сургуулиа төгсөн, ажлын байртай болсон. Мөн НҮБ-ын Аж үйлдвэрийг хөгжүүлэх байгууллагаас хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжил эзэмших, төлбөрийн чадвар муутай нэг оюутанд 1000 ам.долларын тэтгэлэг олгосон нь ч бий. Ийм байдлаар бид хүний нөөцийг бэлтгэхийг хичээж буй. Гэхдээ элсэгчийн тоо жил ирэх бүр цөөрч байгааг хэлэх нь зүйтэй. Хүүхдүүд байгалийн ухаан буюу инженер, технологийн чиглэлээр төдийлөн суралцахыг эрмэлзэхгүй байна. Үүнээс гадна нас насны, янз бүрийн боловсролын түвшинтэй ажилчдыг хөнгөн үйлдвэрийн салбарт мэргэшүүлэх, зайны болон гаргийн сургалт эхлүүлэх талаар бид ярилцан, судалж буй. Үүнд төрийн оролцоо, бодлого шаардлагатай байгаа юм” хэмээн ярилаа. Түүнчлэн мэргэжлийн сургалт, үйлдвэрийн төвүүдэд өдгөө 38 000 орчим оюутан хамрагдаж буйгаас 2000 гаруй нь оёдолчин, эсгүүрчин, бүтээгдэхүүний технологич мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа нь чамлалттай дүн юм.