Ховд аймгийг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарын орлогыг ахиулах, хөрөнгө оруулагчид, мэргэжилтнүүдийг татах зорилготой “Инвест Ховд” хөрөнгө оруулалтын чуулган энэ сарын 19-22-нд болох нь. Баруун бүсийн бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдын хамтран ажиллах боломж бүрдүүлэх, гарааны бизнесүүдийг дэмжих, чадварлаг хүний нөөцийг орон нутагт ажиллахад дэмжлэг үзүүлэх зорилгоор тус чуулганыг зохион байгуулах аж. Энэ үеэр эрчим хүчний болон хөдөө аж ахуйн сэргэлт, уул уурхайн экспортын орлогыг өсгөх, ногоон хөгжлийг дэмжих, тээвэр ложистикийг сайжруулах чиглэлээр илтгэл тавин, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Мөн Хар Ус нуурт “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр, нүүдэлчдийн өв соёлын наадам, бүргэдийн баяр, ардын урлагийн тоглолттой. Мөн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт ашиглалтад оруулсан “Эко цементийн үйлдвэр”-ийн үйл ажиллагаа, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулахтай холбоотойгоор тулгарч буй бэрхшээл, бэлтгэл ажлыг танилцуулах гэнэ.