Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Мөнгөний нийлүүлэлт 2022 арванхоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 29.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөгөөр өсжээ. Эл өсөлтөд валютын харилцах 2.6 их наяд төгрөгөөр, валютын хадгаламж 936.9 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Түүнчлэн улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 18.6 их наяд төгрөг гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.5 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт аж. Харамсалтай нь 2022 онд бараа бүтээгдэхүүний үнэ 13.2, өмнөх сараас 1.0 хувиар өсжээ.
Мөн тус хорооноос улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2022 онд 60.8 тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 11.5 сая тонноор өссөнийг мэдээлэв. Энэхүү өсөлтөд авто тээврээр тээсэн ачаа 84.1 хувиар өссөн нь гол нөлөөг үзүүлсэн байна.