Монгол Улсын Засгийн газар 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 459 дүгээр тогтоолоор тус компанид 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоон, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмарыг томилсон. БЭТ-өөр томилогдсоноос хойших 30 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудынх нь талаар ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын Засгийн газрын Онцгой Бүрэн Эрхт төлөөлөгчөөр томилогдсоноос хойших хугацаанд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудынх нь талаар ярилцъя. Тус компанийн хэрэгжүүлсэн төслүүдийн ерөнхий гэрээнүүд ил болсон. Бусад холбогдох гэрээнүүд ил болсон уу?
-Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 449 дүгээр тогтоолын хүрээнд “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Богдхан төмөр зам төслүүдийн нийт 39 гэрээг маш нууц, нууцын зэрэглэлээс гаргасан. Энэ талаар нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаарх ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс Тавантолгой-Гашуунсухайт, Богдхан чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр, хэдий хэмжээний санхүүжилт гарган оролцсон болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн 1 км тутамд ямар өртгөөр барьж байгуулсан талаар танилцуулсан.
-“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр зам өнгөрсөн 9 дүгээр сард нээлтээ хийсэн боловч Хятадын талтай холбогдоогүй гэдэг асуудал яригддаг. Энэ ажил хэр явцтай байна вэ?
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар байгуулагдсан Техникийн комисс өнгөрөгч 12 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд төслийн талбайд ажиллаж, энэ төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авах бэлтгэл хангасан тухай дүгнэлт гаргасан. Ингэснээр төмөр замын суурь бүтцийг бүхэлд нь байнгын ашиглалтад оруулах бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын Техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажлыг цаг алдалгүй эхлүүлэх шаардлагатай байгааг үндэслэн Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат нарт санал хүргүүлэн, уг ажлыг эрчимжүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар тээвэрлэлт хийж, уул уурхайн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулан, экспортын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд хөрш орны боомттой хил дамнасан төмөр замаар холбогдох ажлыг нэн тэргүүнд шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байгаа.
-“Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд нүүрс тээвэр хийх зүтгүүрүүд нийлүүлэгдээгүй байгаа тухай яригддаг. Тээвэрлэлтээ одоо хэрхэн явуулж байна вэ?
-Америкийн нэгдсэн улсаас нийлүүлэх зүтгүүрүүд цар тахал, хөрш орны цэргийн тусгай ажиллагаатай холбоотой хориг арга хэмжээний улмаас гэрээт хугацаандаа нийлүүлэгдэх боломжгүй болсон талаар ерөнхий гүйцэтгэгчээс мэдэгдсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагуудтай уулзаж, зүтгүүр түрээслэх асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар ярилцсан. Ингэснээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд тус нийгэмлэгээс түрээсэлж байгаа зүтгүүрийг тодорхой хугацаанд үргэлжлүүлэн ашиглах боломж бүрдэж байна. Түүнчлэн түрээслэх зүтгүүрийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран ажиллаж байна.
-“Тавантолгой төмөр зам” ХХК-д онцгой дэглэм тогтоосон. Компанийн үйл ажиллагаанд хяналт, шалгалтын ажил хийгдэж байна уу?
-Холбогдох дээд байгууллагад албан хүсэлт гаргаж, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэс Монгол” ХХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг байгууллагуудын төлөөллийг багтаасан ажлын хэсэг одоо “Тавантолгой төмөр зам” ХХК ажиллаж байна. Компанийн хөрөнгө оруулалт, бизнес төлөвлөгөөнд заасан зорилт, арга хэмжээний хэрэгжилт, худалдан авах ажиллагаа, санхүүгийн иж бүрэн хамтарсан хяналт, шалгалтыг хийж байна. Шалгалт ажлын 21 хоног үргэлжилж, шалгалтын үр дүнгээс хамаарч бүтцийн шинэчлэлт зэрэг цаашид холбогдох арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөж байна.Мөн Үндэсний аудитын газраас шалгалт орж, одоогоор шалгалтын ажил үргэлжилж байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оруулсан хөрөнгө оруулалтад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн аудит оруулах чиглэлээр “Эрдэнэс Тавантолгой” Хувьцаат компанийн холбогдох албаны хүмүүстэй санал солилцсон. Учир нь тус төслийн санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” Хувьцаат компани хариуцан хийж буй тул тэдний зарласан хөндлөнгийн аудитын ажлын даалгаварт хамруулах талаар ярилцсан.
-Засгийн газар Богдхан төмөр замын төслийн ажлыг УБТЗ ХНН-ээр гүйцэтгүүлэх талаар судлахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад даалгасан. Үүнтэй холбоотой ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар болон Зам, тээврийн хөгжлийн сайдын өгсөн чиглэлийн дагуу “Богдхан төмөр зам” төслийн хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-тай доод бүтэц, өртөө зөрлөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан Зэвсэгт хүчний барилга инженерийн цэргийн удирдах газар, эстакадан гүүр, туннелийн зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий хэлэлцээр байгуулсан “Бодь интернэшнл” ХХК, хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан “Легал линк си би эй” ХХН, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан “Эн Эс И Консалтинг” ХХК, төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан “Урбан девелопмент консалтинг” ХХК зэрэг байгууллагуудад “Богдхан төмөр зам” төслийн барилгын ажлын гүйцэтгэгч тодорхой болох хүртэл гэрээнд тусгагдсан гүйцэтгэх ажлыг түр зогсоож байгаа тухай мэдэгдлийг хүргүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
-Монгол Улсын Засгийн газраас танд даалгасан үүрэг даалгаврын хүрээнд өөр ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг 6 сарын хугацаатай томилогдсоноос хойш 30 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд дотор Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд валютын орлого төвлөрүүлэх, экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувийн өмчийн компанид түрээслүүлсэн байсан 100 хагас вагоныг “Монголросцветмет” Төрийн өмчит үйлдвэрийн газарт түрээслүүлэх ажлыг зохион байгуулсан. Ингэснээр тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж, гадаад валютын улсад орох урсгалыг нэмэгдүүлэхэд зохих дэмжлэг үзүүлсэн арга хэмжээ болж байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
-Баярлалаа.