-ХААБ-ээс Экспортын нэг цонхны цахим нэгдсэн системийг нэвтрүүлэн, мах, маханбүтээгдэхүүн нийлүүлэх боломж бүрдүүлнэ гэсэн. Энэ талаар тодруулна уу.
-Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэгээр хөдөө аж ахуйг тодорхойлж, хүнс экспортлогч орон болох зорилт дэвшүүлсэн. Ялангуяа мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг үе шаттай нэмэхээр бодлогын баримт бичгүүдэд тусгасан. Тодруулбал, манай улс 2021 онд 70 000, өнгөрсөн жил 90 000 орчимтонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон бол энэ жил 120 000, ирэх онд 150 000 тонныг гадаадынзах зээлд борлуулахаар төлөвлөж буй.
Манай улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох явцад төрийн болон төрийн бус долоон байгууллага оролцон, холбогдох хууль, тогтоомжийн дагуу баримт бичиг бүрдүүлэхийг шаарддаг. Экспортлогч аж ахуйн нэгжүүд нэг удаа бүтээгдэхүүн экспортлохын тулд давхардсан тоогоор 50 орчим баримт бичиг бүрдүүлж, бэлтгэж байна. Энэ нь тухайн аж ахуйн нэгжүүдэд чирэгдэл учруулж, цаг хугацаа их зарцуулахын зэрэгцээ төрийн, төрийн бус байгууллагын ажилтнуудад ч хүндрэл үүсгэж байсан. Үүнийг халах зорилгоор ХХААХҮЯ, Гаалийн болон Мал эмнэлгийн ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Монголын махны холбоо, ХААБ зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийнхэн худалдааг хөнгөвчлөх замаар хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг зохицуулах хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, экспортын нэг цонхны цахим системээр дамжуулан гадаад худалдаанд шаардах баримт бичгийн давхардлыг арилгах санал боловсруулж буй. Одоогоор баримт бичгийн давхардлыг бууруулах санал боловсруулж, цахим системийн хөгжүүлэлт хийж байна.
-Цахим системийн хөгжүүлэлт хэдэн хувьтай байна вэ. Хэзээнээс ашиглаж эхлэх бол?
-Цахим системийг энэ оны эхний улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Аж ахуйн нэгжүүдэд шаардлага тавих эрх бүхий байгууллагуудын экспортын зөвшөөрөл олгохтой холбоотой эрх зүйн баримт бичгийн зарим нь журам, зарим нь хуулиар зохицуулагдсан байдаг. Тиймээс эрх зүйн орчныг өөрчлөх, хууль, журмын зохицлыг хангах хэрэгтэй болсон гэсэн үг. Тухайлбал, Хүнсний тухай хуулийн зарим зүйл заалтад нэмэлт, өөрчлөлт, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлохыг зохицуулдаг холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан. Тиймээс ажил бага зэрэг удааширч байгаа гэж болно. Системийн хөгжүүлэлтийг гүйцэтгэгч нь хөдөө аж ахуйн салбарыг цахимжуулах чиглэлээр цөөнгүй ажил хийсэн туршлагатай байгууллага бий.
-Эл системийг зөвхөн мах, махан бүтээгдэхүүн экспортлоход ашиглах уу?
-Экспортын нэг цонхны цахим нэгдсэн системийг эхний ээлжид зөвхөн мах, махан бүтээгдэхүүн экспортлоход л ашиглана. Цаашид улсын хилээр гарч буй хөдөө аж ахуйн гаралтай бүхий л түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлоход тус системийг ашиглах буюу илүү өргөжүүлж, хөгжүүлэх юм.
-Уг системийг ашиглаж эхлэх нь ямар давуу талтай вэ. ХААБ-ээр дамжуулан хэзээнээс мах борлуулж эхлэх бол?
-Тус системд экспорттой холбоотой зохицуулалтын бүх шаардлагыг багтаасан бөгөөд үүгээр дамжуулан төрийн байгууллагууд мэдээллээ шуурхай солилцох боломж бүрдүүлж, аж ахуйн нэгжүүдийн хувьд бүрдүүлэх баримт бичгийн давхардлыг арилгах, цаг хугацаа, зардал хэмнэх давуу талтай. Экспортлогч компани 50 орчим баримт бүрдүүлж байсан бол бараг тав дахин бага бичгийг цахим системд оруулахад болно. Энэ нь хөдөө аж ахуйн салбарт цахим шилжилт нэвтрүүлж буйн нэг илэрхийлэл юм. Мөн аж ахуйн нэгжүүд өөрсдийнх нь баримт бичиг ямар шатанд байгааг цахимаар харах юм. Өөрөөр хэлбэл, аль байгууллага нягталж, хэн гэдэг мэргэжилтэн хянан, хэдэн өдөрт багтан экспортын гэрчилгээ нь бэлэн болох нь харагдана. Аж ахуйн нэгжүүд нэгдсэн системд нэг л удаа хандан, бүрдүүлэлт хийнэ. Ер нь манай улсын аж ахуйн нэгжүүд мах экспортолж хэвшсэн, үйл ажиллагаан нь стандартын шаардлагаа хангадаг, урд, хойд хөршид түншүүдтэй. Тиймээс экспортын зөвшөөрлийг түргэн шуурхай олгон, төрийн оролцоог багасган, төвөг чирэгдэлгүй болгох зорилгоор цахим систем нэвтрүүлж буй. Биржийн зах зээлд арилжиж буй бараа, түүхий эд нь стандартын шаардлага хангадаг тул чанарын баталгаа, төлбөр тооцооны найдвартай систем, экспортын шаардлагаас хамаараад дотооддоо үйлдвэрлэлийн нэмүү өртөг шингээх боломж бүрдүүлдэг давуу талтай.
-Худалданавагчулсынаж ахуйннэгжүүдтэй ХААБ холбоо тогтоон, зуучийнүүрэггүйцэтгэх үү?
-БНХАУ болон ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох аж ахуйн нэгжүүдэд эдгээророн импортын эрх олгодог. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрийн нөхцөл, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөл зэрэг нь чанар, стандартын шаардлага хангаж байгааг эрсдэлийн хянан магадалгаа хийх ажлын хэсгийг томилдог. Тус ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн зөвшөөрөл олгох, эсэх шийдвэрийг Монголын талд албан ёсоор мэдэгддэг. Эл шийдвэрт үндэслэн тухайн улс руу мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх эрх бүхий аж ахуйн нэгжүүд биржийн цахим системд бүртгэлээ үүсгээд явна.
Бирж нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авагч олон улсын компанийг олох, хамтран ажиллах боломж бүрдүүлж, талуудын хооронд зуучлах бодлого баримталж буй. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын бүхий л мэдээллийг нэгтгэн мэдээллийн сан үүсгэн, бүтээгдэхүүнээ олон улсад сурталчлах бодлоготой. Улмаар биржээр арилжих боломжтой хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бараа, бүтээгдэхүүнийг дамжуулан арилжих нөхцөл бүрдүүлэхээр зорьж байна. Бэлтгэл ажлаа хангаж байгаа гэсэн үг.
-Махыг биржээр борлуулахын тулд танайх агуулах, зоорь, бусад тоног төхөөрөмжтэй болно гэсэн үгүү?
-Бирж ноос, ноолуур болон бусад бүтээгдэхүүний арилжаа эрхлэхдээ итгэмжлэгдсэн агуулах, зоориуд, мэргэшсэн ажилчидтай хамтран ажилладаг. Мах борлуулж эхэлбэл мөн ингэнэ гэсэн үг. Үйлдвэр, агуулах, зоорийг итгэмжлэн, ажилчдыг сурган, чадавхжуулж, мах бэлтгэлийн явцын нэг оролцогч тал нь бирж болно гэсэн үг. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтын дагуу энэ оноос малыг хээр гадаа бойлох, зориулалтын бус орчинд мах бэлтгэхийг хязгаарласан. Тиймээс орон нутгуудад мах бэлтгэх жижиг үйлдвэрүүдийн тоо өсөх байх. Тэдгээр үйлдвэр, агуулахынхантай ХААБ хамтран ажиллахыг зорин, итгэмжилж, стандартыг нь хангуулах юм.
-Махны жишиг үнийг биржээс тогтооно гэж байсан. Үүнийг тодруулж өгөөч.
-ХААБ махны жишиг үнэ тооцоолох аргачлалыг гулууз болон цул мах, экспортод зориулж хөлдөөсөн, дулааны аргаар боловсруулсан мах гэсэн нэр, төрөл тус бүрээр өртөг, зардлаас тооцох арга ашиглан гаргасан. Бирж нь махны үнийн мэдээллийг тодорхой хугацааны давтамжтайгаар зах зээлд мэдээлэх бөгөөд түүнд үндэслэн үйлдвэрлэгч, экспортлогч аж ахуйн нэгж ханшийн тооцооллоо гаргана. Энэ нь мах, махан бүтээгдэхүүний үнэ цэнийг гадаадын зах зээлд нэмэгдүүлэх, үнийн доод хязгаарыг тогтоох хөшүүрэг болох юм.
-Дайвар бүтээгдэхүүн борлуулахад нэг цонхны системд бүртгүүлэх үү?
-Одоогоор дайвар бүтээгдэхүүний экспортыг нэг цонхны системээр нэвтрүүлэхгүй. Зөвхөн түүхий мах, дулааны аргаар боловсруулсан махыг л экспортлох үйл ажиллагааг тус системээр дамжуулна.
-Манай улсад экспортын зөвшөөрөлтэй хэдэн аж ахуйн нэгж байна вэ. Экспорт одоролцох сонирхолтой компани, үйлдвэрүүд бүгд цахим системд бүртгэл үүсгэж, эрх авч болох уу?
-Мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй 50-иад аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. БНХАУ болон ОХУ руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох аж ахуйн нэгж нь тухай улсаас импортлох эрх, итгэмжлэл авсан байх шаардлагатайг дээр дурдсан. Харин бусад орон руу экспортлох бол биржийн нэг цонхны цахим системээр дамжуулан бүрдүүлэлт хийх боломжтой, нээлттэй.
-Махыг квотгүй экспортлохоор болсон. Энэ нь нийлүүлэлтийн хэмжээ, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэхэд хэр дэмжлэг болохоор байна вэ?
-Үхрийн махнаас бусдыг нь квотгүй экспортлож байна. Мах экспортлогч аж ахуйн нэгжүүд юуны түрүүнд ХХААХҮЯ-тай бодлогын гэрээ байгуулдаг. Уг гэрээнд мах бэлтгэгч аж ахуйн нэгжүүд экспортлох бүтээгдэхүүнийхээ багадаа 10 хувьтай тэнцэхүйц бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд борлуулна гэж тусгасан. Үүнийг л хангаж байвал экспортод квот тогтоохгүй. Аж ахуйн нэгжүүд импортлогч талтайгаа хэр хэмжээний мах нийлүүлэхээр тохирч чадна тэр хэрээр борлуулна.
-ХААБ-ээр улаан буудай борлуулна гэж байсан эхлүүлээгүй байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Хүнсний улаан буудайг биржээр арилжихтай холбогдуулан Монголын тариаланчдын үндэсний холбоо, газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, тариаланчидтай уулзалт зохион байгуулан, улаан буудайн арилжааг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцож байгаа. Одоогоор тодорхой мэдээлэл алга.