Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын зөвлөгөөнд оролцлоо. Тэрбээр Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, хөгжлийн төлөвлөгөөг 2023 онд хэрхэн хэрэгжүүлэх талаар үүрэг, даалгавар өгч, улс, орон нутгийн цаг үеийн бусад асуудлыг танилцуулав. Төсвийн орлогоо бие даан бүрдүүлж буй Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймгийн удирдлагад Ерөнхий сайд уулзалтын эхэнд талархал илэрхийлж, Засгийн газрын өргөмжлөл гардуулсан юм. Өнөөдрийн байдлаар эдгээр аймгаас бусад нь улсын төсвөөс татаас авч байгаа бөгөөд цаашдаа аймаг бүр өөрсдөөтөсвөөбүрдүүлж, орон нутгийн эрх мэдлээ нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг Ерөнхий сайд хэллээ. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, гадаад, дотоод хүчин зүйлс, тулгарч буй хүндрэлээс гадна өнгөрсөн он бүхэлдээ цар тахлын дараах, олон улсын геополитикийн зөрчлөөс үүдэлтэй хямралыг тогтворжуулахад чиглэсэн гэдгийг тэрбээр хэлсэн үгэндээ онцлов.
Цаашдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж буй тайланг аймаг, нийслэлийн удирдлагуудаас авч, аудитын шинэ аргачлалаар дүгнэж байхаар болжээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үндсэн зорилгуудын нэг бол аймаг бүр төсвөөбие даан бүрдүүлэх боломж бий болгох явдал. Үүний хүрээнд орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэгдсэн хөрөнгөоруулалт, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх учиртай. Аймгуудын шинэ санаачилгыг дэмжинэ. Орон нутаг руу чиглэх иргэдийн идэвхийг бий болгож, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг бууруулж, хот, хөдөөгийн зохист тэнцвэрийг хангахад чиглэсэн саналаа боловсруулж ирүүлэх хэрэгтэй” хэмээн Ерөнхий сайд хэллээ.
Засгийн газраас иргэдийн орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдүүлэхэд онцгой анхаарч буй. Улаанбаатараас орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, тэнд шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлж байгааг хэллээ. Энэ тал дээр орон нутгийн удирдлагууд илүү санаачилгатай ажиллахыг үүрэг болгов. Мөн тогтолцооны реформ хийх үндэсний зөвшилцлийг хангахын тулд зөвлөлдөх болон ард нийтийн санал асуулга явуулна гэдгийг хэлж, аймаг, нийслэлийн удирдлагууд үүний бэлтгэл ажлыг орон нутагт хангаж ажиллах шаардлагатайг анхаарууллаа. Тэрбээр “Бүх шатанд сахилга, хариуцлагыг чангатгаж, ажлын бүтээмж, гүйцэтгэлд тулгуурласан хариуцлагын үнэлгээний тогтолцоог Засгийн газраас нэвтрүүлж ажиллана. Тиймээс аймаг, нийслэлийн Засаг даргын ажлын гүйцэтгэлийг жил бүр үнэлж, хариуцлага тооцох зарчмыг баримтална” гэв