Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, тэдгээрийн эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгаявуулах тухай тогтоолыг УИХ баталсан. Энэ хүрээнд “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалт өчигдөр боллоо. Чуулга уулзалтад 21 аймаг, есөн дүүрэг, нийслэл, Дээд шүүхэд бүртгэлтэй 26 нам, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн болон холбоод, төрийн бус байгууллага, иргэд, Монгол Улсынүе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар, гишүүдийн төлөөлөл, төрийн зарим байгууллагын албан тушаалтан зэрэг 600 гаруй хүн оролцов.
Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга “Одоо нийгмийн бухимдлын шалтгаан болж буй шударга ёс, хариуцлагын тогтолцоо, эдийн засгийн хүндрэл зэрэг олон жил хуримтлагдсан асуудал нь бодлогын болон хэрэгжилтийн алдаа гэсэн огтлолцол дээр төвлөрч байна. Энэ бүхнийг цогцоор шийдэхийг нийгэм, цаг үе шаардаж байна. Дэлхийн тектоник өөрчлөлтийн шинэ үед гадаад, дотоод нөхцөл байдлаа үнэлэн цэгнэж, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эв нэгдлээ эрхэмлэж, үндэсний зөвшилцлийг хангаж, үүний зэрэгцээ шударга ёс, ирээдүйн сайн сайхны төлөө эрс зоримог өөрчлөлтүүд хийх цаг үе иржээ. Харин юуг, яаж шинэчлэх, ямар эрэмбэ, дараагаар хэрхэн шийдвэрлэхийг бүгдээрээ хэлэлцэж, зөвшилцөх шаардлагатай” хэмээн онцолсон.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, эрх зүйн шинэтгэл, Үндсэн хуулийн тогтолцоотой холбоотой илтгэл тавилаа. Ерөнхий сайд 1990-1992 онд Үндсэн хуулийн төслийг хэлэлцэн батлах үеийн хуралдааны протоколуудад тулгуурлаж ярина лээ. Тухайлбал, 1991 оны арваннэгдүгээр сарын 30-нд Монгол Улсын засаглалын хэлбэрийг хэлэлцэх Ардын их хурлын санал хураалтаар депутатуудын 186 нь Ерөнхийлөгчийн, мөн 186 нь парламентын засаглалыг дэмжиж, саналтэнцжээ. Энэ үеэр Ерөнхийлөгч П.Очирбат хуралдааны танхимд ирж, Монгол Улсад парламентын засаглал зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж буйгаа илэрхийлэн, “Манай улсын хөгжлийн түүхэн сургамж, шилжилтийн үеийн онцлог зэргийг харгалзан зохих бүрэн эрхтэй төрийн удирдлагын парламентын хэлбэрийг сонгон авч байна” гэж мэдэгдсэнээр өнөөгийн засаглалын хэлбэрийг сонгосон баримтыг хуваалцав.
Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хуулиа шинэчлэн баталсан. Бүгд үүргээ гүйцэтгэснийг Засгийн газрын тэргүүн онцлохын сацуу сүүлчийн 30 жилийн алдаа, оноо Үндсэн хуультай тодорхой хэмжээгээр холбоотойг дурдав. Иймд шинэ 30 жилээ тодорхойлох нь энэ цаг үеийн үүрэг мөн гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Түүнчлэн тэрбээр “Өнгөрсөн 30 жилд манай эдийн засаг 13 дахин өссөн ч иргэдийн амьдрал хэвээрээ, орлогын тэгш бус байдал нэмэгдсэн. Экспортынх нь 93 хувийг эзэлдэг уул уурхайн баялгаас ард иргэдэд зүй ёсоор хүртээх талаар олон удаа ярьсан ч бодитой шийдэл гаргаж чадаагүй. Мөн засаглал нь тогтворгүй, галзуу хулгана дээр суусан мэт явж ирлээ. Үүнээс болж хариуцлагагүй байдал төрийн албаны бүх шатанд нүүрлэсэн. Төрийн өмчит компанийн “хурган дарга”-ын гэрээс хэдэн төгрөг олдсоныг та бүхэн харж байгаа. Улаанбаатар хот 586 мянган иргэнтэй байхад л V цахилгаан станцын талаар ярьж байсан ч шийдээгүй. Улсын төсвөөсөө 4-5 дахин их гадаад өртэй болчихож. Өр тавих нь буруу зүйл биш ч зарцуулалт нь зөв байх ёстой. Төрийн ордны гадна талд байгаа өндөр оффист томоохон банкны эзэд цугларч, бусдыгаа дуудан хуралддаг болжээ. Нүүрсний тээвэр хийдэг жолооч нарын ард байгаа улстөрчдийн талаар би ярьж байна. Энэ бүхнийг таслан зогсоохын тулд дэг журамтай, эрх чөлөөнөөс илүү үүрэг хариуцлагатай байхыг түүх сургамж болголоо. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унахад манай улсад ид шидтэн байгаад ч нэмэргүй. Бид энэ бүтцийг өөрчлөхгүй бол чөтгөрийн тойрогтоо амьдарсаар л байна” хэмээсэн юм. Ерөнхий сайд илтгэлийнхээ төгсгөлд “Одоо бидэнд гурван арга зам байна. Нэгдүгээрт, шинэ Үндсэн хуулийг ард нийтийн санал асуулгад тулгуурлаж батлах. Хоёрдугаарт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, гуравдугаарт, одоо байгаа эрх зүйн зохицуулалтад тулгуурлаж тулгамдаж буй асуудлаа шийдэх арга зам бий” гэлээ.
Үндсэн илтгэлтэй холбогдуулан тавьсан оролцогчдын асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Т.Доржханд, зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар нар хариулсан юм.
Бэлтгэсэн Б.Уран