Олон улсын эрүүгийн шүүхэд палестинчууд хандсаны хариуд Израилын авахаар шийдсэн хориг арга хэмжээ Палестины үндэсний засаг захиргааг бүрэн сүйрүүлнэ хэмээн болгоомжилж буйгаа тус улсын Ерөнхий сайд Мохаммед Штайе “Haaretz” сонинд өгсөн ярилцлагадаа илэрхийлсэн байна. Палестины үндэсний засаг захиргааны сангаас Израил 139 сая шекелийг (40 орчимсая ам.доллар) терроризмын хохирогчдод шилжүүлж, тийм хэргээр Израилд ял шийтгүүлсэн хоригдлуудынхаа зардалд зориулан Палестины эрх баригчдын хуваарилдаг мөнгөтэй тэнцэх хэмжээний татварыг царцаах шийдвэр гаргасан аж. Олон улсын хамтын нийгэмлэг, тухайлбал Вашингтоны засаг захиргаа болон Арабын орнууд хөндлөнгөөс яаралтай оролцохгүй бол уг шийдвэр Палестины үндэсний засаг захиргааг мөхөл рүү түлхэнэ гэж тэрбээр үзэж буй. “Израилын өмнөх Засгийн газрууд хоёр улс байгуулах шийдвэрийг хүчингүй болгохоор ажиллаж байсан бол одоогийн Сайд нарын танхим Палестины засаг захиргаатай тэмцэж байна” гэж тус улсын Ерөнхий сайд хэлжээ. Израил дээр дурдсан санхүүгийн арга хэмжээнүүдээс гадна С бүсэд (баруун эрэг 62 хувийг ньэзэлдэг, израилчуудын бүрэн хяналтад байдаг) барилга барих тухай Палестины төлөвлөгөөг түдгэлзүүлэхээ мэдэгдэв. Нэмээд Израилын эсрэг улс төр, хууль, эрх зүйн дайн хийж буй Палестины өндөр албан тушаалын төлөөлөгчдөд хөнгөлөлт үзүүлэхээс татгалзах гэнэ.