УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Э.Бат-Амгалан нар энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хөрөнгийн үнэлгээний болон Шүүх шинжилгээний байгууллагын тухай хуулийн талаар өчигдөр мэдээлэл өглөө. Х.Булгантуяа “Хөрөнгийн үнэлгээтэй холбоотой хууль, эрх зүйн орчныг сайжруулах, илүү тодорхой болгох, үнэлгээчдийн эрх ашгийг хамгаалах, үүрэг хариуцлагыг нь нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагын хүрээнд энэ хуулийг шинэчлэн найруулсан. Ингэхдээ төрөөс олгодог зөвшөөрлийг цэгцлэх, мэргэжлийн болон ёс зүйн асуудалд холбоод хяналт тавьдаг тогтолцоо бүрдүүлэх, тэднийг хариуцлагажуулах чиглэлд түлхүү анхаарсан. Өмнө нь энэ төрлийн харилцаанд захиалагч, хөрөнгийн үнэлгээчин гэсэн хоёр талыг л авч үздэг байлаа. Харин шинэ хуульд хуулийн этгээд, хувь хүн, захиалагч, төрийн холбогдох байгууллага гэсэн оролцогч талуудыг багтаасан.
Хөрөнгийн үнэлгээ хийх эрхийг хувь хүнд олгохоор заасан. Манай их, дээд сургуулиуд хөрөнгийн үнэлгээчний мэргэжлийн диплом олгодог хөтөлбөр, сургалтууд явуулдаг. Цаашид үүнийг задалж, төрөлжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Оюуны өмчийн, уул уурхайн, хохирлын чиглэлийн үнэлгээчин гэх мэт. Хуулийн этгээдийн тухайд багадаа мэргэжлийн хоёр үнэлгээчинтэй байх шаардлага тавьж буй. Мөн мэргэжлийн даатгалд хамрагдсан байх ёстой. Төрийн болон орон нутгийн өмч хувьчлах, үл хөдлөх хөрөнгө худалдах, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байгуулах зэрэг олон нийтийн эрх ашигтай холбоотой ажлын үнэлгээг заавал хуулийн этгээд хийх юм. Дараа нь хариуцлагын асуудал яригдах учраас ингэж зохицуулсан. Хуулийн этгээдэд Сангийн яам зөвшөөрөл олгож, мэргэжлийн нэгдсэн арга зүйгээр хангаж, хяналт тавина. Харин хувь хүн хөрөнгийн үнэлгээ хийлгэх тохиолдолд заавал хуулийн этгээд гэлтгүй мэргэжлийн үнэлгээчинд хандах эрхтэй.
Шинэ хуулиар хөрөнгийн үнэлгээ хийх журам, аргачлал бий болгож буй. Өмнө нь манайд нэгдсэн журам, аргачлал байгаагүй учир банк болгон өөрийнхөөрөө үнэлдэг байв. Үүнээс болоод хэт өндөр, эсвэл багаар үнэлэх ялгаатай байдал үүсдэг. Сангийн яам холбогдох төрийн байгууллагуудтай хамтран бүх аргачлалыг боловсруулна. Банкууд нэгдсэн аргачлалтай болчихвол хөрөнгийг зөрүүтэй үнэлж, хийдүүлдэг явдал багасна” гэсэн юм. МөнЭ.Бат-Амгалан “Тус хуульд шүүх шинжилгээ хийх журмыг нарийвчлан тусгаснаас гадна өнөөгийн нийгмийн хөгжил дагаж бий болсон инженер техник, цахим технологи, хөрөнгийн үнэлгээ зэрэг нарийн тусгай мэргэжил шаардсан шинжилгээний талаарх зохицуулалтыг багтаасан. Мөн үүнд тусгасны дагуу хүрээлэн буй орчинд хохирлын үнэлгээ хийх нэгжийг ШШҮХ-д байгуулан ажиллуулж эхэлсэн. Ингэснээр хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлын экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоож, нөхөн төлүүлэх боломж бүрдлээ. Тэрчлэн сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгосон. Эрүүгийн хуульд заасан 85 төрлийн гэмт хэрэг тус бүр дээр сэтгэл санааны хохирол нөхөн төлүүлэх боломжтой. Энэ хуулийн хүрээнд хийсэн бас нэг гол өөрчлөлт, зохицуулалт нь шүүх шинжилгээний байгууллагыг Засгийн газрын агентлагийн статустай болгосон. Үүний хүрээнд орон тоог шинэчлэн тогтоох, олон улсын стандарт нэвтрүүлэх ажил үргэлжилж байна” гэв.
Бэлтгэсэн Н.Мишээл