Улсын хэмжээнд энэ жил 200.1 мянган малчин өрхөд 71.1, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжиж, 20 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан урьдчилсан дүн гарсныг ХХААХҮЯ-наас өчигдөр мэдээлэв. Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2022 оны аравдугаар сарын 3-ны зөвлөмжөөр үхрийн түүхий мах найм, дулааны аргаар боловсруулсан үхрийн мах таван мянган тонн, харин адуу, хонь, ямааны түүхий болон дулааны аргаар боловсруулсан махыг бодлогын гэрээний үндсэнд хязгаарлалтгүй экспортлохоор баталсан. 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар НХАУ, ХУ, Япон, Казахстан, Киргиз, Узбекистан, Азербайжан, Иран, Арабын Нэгдсэн Эмират Улс, Катар, Хонконг, Вьетнам руу 50.6 сая ам.долларын өртөг бүхий 6.9 мянган тонн адууны мах, 144.5 тонн үхрийн, 3.9 мянган тонн хонь, ямааны түүхий мах, таван мянган тонн боловсруулсан мах, 252 тонн дайвар бүтээгдэхүүн нийлүүлжээ. Амьд малын экспортыг аравдугаар сараас эхлүүлсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 2.4 сая ам.долларын өртөг бүхий 23 100 толгой хонь, 5392 толгой ямаа, 11 толгой адуу гээд нийт 28 503 толгой мал нийлүүлсэн байна.