БНХАУ-ын иргэд энэ сарын 22-нд эхлэх билгийн тооллын шинэ жилийн аялалдаа гарчээ. Төрөл төрөгсөл, ойр дотнынхонтойгоо золгохоор яарсан зорчигчдын тоо ойрын хугацаанд Хонконгоос Хятад руу л гэхэд 400 000 орчим байх төлөвтэй байна. Өнгөрсөн ням гарагт аялагчдаар дүүрсэн хоёр давхар автобус Хонконг-Жухай-Макаогийн гүүрэнд хүрч, зорчигчид нь Гуандун руу явах автобусанд шилжин суусан тухай ВВС мэдээллээ. Тэдний дунд харихаар яваа, коллежийн оюутнууд цөөнгүй байсан гэнэ. Цар тахлаас өмнө Хятадын билгийн тооллын шинэ жилийн аялал нь дэлхийн хамгийн том шилжилт хөдөлгөөнд тооцогддог байв. Энэ жил хоёр тэрбум орчим аялал төлөвлөсөн нь өнгөрсөн оныхоос хоёр дахин их байна.
Хятад улс 2020 оны гуравдугаар сард аялал жуулчлалын хязгаарлалт тогтоосноос хойш анх удаа гадаадын жуулчдад хилээ нээлээ. Тэдэнд энгийн виз, түр оршин суух зөвшөөрөл олгож эхэлжээ. Ирж буй аялагчид хөл хорионд орохгүй. Харин аялахаас 48 цагийнөмнө шинжилгээ өгсөн байх шаардлага тавьж байна. Бээжингийн коронавирусийн статистик мэдээлэл тодорхойгүй байгаатай холбогдуулан 10 гаруй улс Хятадаас ирсэн жуулчдад заавал шинжилгээ өгөхийг шаардаж буй. Үүнийг ялгаварлан гадуурхсан, хүлээн зөвшөөрөх боломжгүй арга хэмжээ гэж Хятадулс үзээд, хариу алхам хийх гэнэ.