22 сайдтай Л.Оюун-Эрдэнийн та нхим манай Зас гийн газруудын түүхэнд хамгийн нүсэр нь
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ. Гэвч цаашид хэдэн сайдын “орон тоо” шинээр нэмж, хэн хэнийг томилох вэ гэдгийг хэлж эс мэднэ. Ардын намынхны албан тушаалын шунал, бие биеэ “барьцаалах” шантаажчдын цуваа үргэлжилсээр байх бололтой. 2019 онд баталж, УИХ-ын өнгөрөгч сонгуулиас мөрдсөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Засгийн газрын тэргүүн гишүүдээ чөлөөлж, огцруулах, томилох нь түүний хэнтэйч хуваалцахгүй бүрэн эрх болсон ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “гар, хөл” баглаатай, “барьцаалагдсан” хэвээрээ аж.
Засгийн газрыг бараг байнга шүүмжилдэг, тэр тусмаа төсвийн бодлогыг нь өөлөх “хобби”-той Ч.Хүрэлбаатарт дөрвөн сар гаруйн өмнө Эдийн засаг, хөгжлийн сайдын суудал “гарган” томилж, сая Шадар сайд хэмээн тодотгов. Ер нь бол Ерөнхий сайд, намын дарга нь Барилга, хот байгуулалтын сайдаар Ц.Даваасүрэнг томилтлоо “барьцаалагдана” чинээ санасангүй. Сангийн яаманд байхаасаа бусдыг шантаажилж, төсвийн мөнгөнөөс хумсалдаг цадиггүй явдлын “автор” гэгдэн, хүмүүсийн дунд хочоороо хоногшсон түүнийг Засгийн газартаа заавал багтаана гэдэг нь Л.Оюун-Эрдэнийн хувьд их эрсдэл, хамаг нүүрээ барсан шийдвэр болсон биз. Түүнийг сайдаар томилох тухайгаа Ерөнхий сайд УИХ-д танилцуулах үеэр гишүүн Г.Амартүвшин “Ц.Даваасүрэн гишүүнийг сайдаар томилж байгааг хүлээн зөвшөөрч боломгүй. Шантаажаар улс төр “хийдгээрээ” танигдсан хүн шүү дээ. Ер нь бол Ц.Даваасүрэн гишүүн энэ Засгийн газар, Ерөнхий сайдын бүх бодлогыг эсэргүүцэж ирсэн” гэж хэлсэнд алга ташмаар санагдав. Эрүүл мэндийн сайд болго сон С.Чинзориг ч “өнгө” ижил, Өвөрхангай ай маг, нийгмийн хамгааллын салбар хоёрыг өм чилчихсөн аятай аашилдаг улстөрч. Сүүлийн хоёр удаагийн сонгуулиар Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдож, 2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, 2010-2012 онд Ерөнхий сайд С.Батболдын нийгмийн бод логын зөвлөх, 2014-2015 онд Хөдөлмөрийн, 2017-2020 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажилласан тэрбээр одоо эрүүл мэндийн салбарыг хариуцах нь. Гэвч нийгмийн хамгааллын салбарт дэд сайдаар найм, сайдаар дөрвөн жил ажилласан С.Чинзориг юуг өөрчилсөн бэ. Харамсалтай нь, өнөөдөр “халамжийн улс” гэгдтэлээ уруудуулж, Монголд хамгийн их дампуурсан салбар нь нийгмийн хамгаалал, хөдөлмөрийнх болчихоод буй. Ганцхан жишээ дурдахад, 2021 оноос хойш буюу хоёр жилийн хугацаанд, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар гурав дахь хүн нь ажиллаж байна. Одоогийн сайд Т.Аюурсайханыг нь “нүүрсний” гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд уг албандаа удна гэх баталгаа бас алга. Өмнө нь Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилоход ч тэр УИХ-д таван удаа тасралтгүй сонгогдсон “аварга”-д зориулсан албан тушаал гэж олон хүн хэлсэн нь худлаа биш шүү дээ. Үнэндээ яг ямар туршлага, чадварыг нь харж сайдаар томилоод буйг нь ч ойлгохоо байлаа.
Гэвч нийгэмд байтугай намынхандаа хүлээн зөвшөөрөгддөггүй, шантаажчин гишүүд, бүлэглэлийнхний барьцаанд орж, аманд багтаж байгаа Ардын намын дарга бүр хөөрхийлөлтэй. Залуу бөгөөд нам, төрийн эрх мэдлийг зэрэг атгаж байгаа хүний хувьд өнгөрсөнд хуримтлагдсан бохир, булхайгаас булталгүй, сөрж зогсох зориг алга. Албан тушаалаа алдах вий гэсэндээ УИХ-ын гишүүний “давхар дээл”-тэй сайдаар танхимаа бараг дүүргэх нь. Энэ удаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр Засгийн газрын гишүүдийн дөрвөөс бусад нь “давхар дээл”-тэй боллоо. Уг нь Л.Оюун-Эрдэнэ хоёр жилийн өмнө Ерөнхий сайдаар томилогдохдоо танхимаа өөрөөсөө гадна 16 гишүүнтэй байгуулж байв. Тэдгээрээс дөрөв нь л “давхар дээл”-тэй байсан бөгөөд Л.Оюун-Эрдэнийн танхим өдгөө 22-уулаа болжээ. Энэ бол манай Засгийн газруудын түүхэнд хамгийн нүсэр бүтэц юм. Н.Алтанхуяг болон Ч.Сайханбилэгийн Засгийн газар хамгийн олон буюу 19 гишүүнтэй ажиллаж, түүнийг нь тухайн үеийн сөрөг хүчин, өнөөгийн эрх баригч Ардын намынхан шүүмжилж, Төв талбайд дээл давхарлан жагсаж байсан нь саяхан. “Давхар дээлтэн”-үүдийнхээ тоогоор ч толгой цохих нь. Гурван жил хүрэхгүйн өмнө баталж, “давхар дээл”-тэй сайдын тоог дөрвөөр хязгаарласан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуультайгаа зөрчилдөж байна гэх агуулга бүхий мэдээллийг Цэцэд хүргэхээс авхуулаад үүнийг их суудлын хуралдаанаас хүчингүй болгосон, улмаар УИХ нүд ирмэхийн зуур холбогдох хуулиудад, бүр Үндсэн хуульд өөрчлөлт оруулан өнөөдрийн үр дүнд хүргэсэн үйл явц Монголын улс төрийн түүхэнд толбо болон үлдэнэ. Ийм адармаатай зам туулан байж “давхар дээл”-ийн хязгаарлалтыг үгүй хийж, танхимаа УИХ-ын гишүүдээр дүүргэж буй Засгийн газрын тэргүүний шийдвэрийн шороотой ул мөрийг ч бас балруулдах нь нэн бэрх байх вий. Хамгийн гол нь 76 гишүүнээс 18 нь Засгийн газарт ажиллаж буй УИХ, танхимынх нь таван сайд тутмын дөрвийг парламентаас томилсон Засгийн газрын хяналт, хариуцлага сайжрах нь юу л бол. Сайд нар “Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн УИХ-д тангараг өргөдөг. Хууль тогтоох хийгээд гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцлийг хадгалж, аль алиных нь ашиг сонирхлыг чиг шугамаа болгон ажиллах сайд хэд байх бол. Гишүүддээ “барьцаалагдсан” намын дарга, Ерөнхий сайдаа шантаажлан сайд болж байгаа хүмүүсээс юу ч хүлээх хэрэггүй байж ч мэднэ.
Сайд нар өнгөрсөн пүрэв гарагт УИХ-д тангараг өргөсний дараа жигтэйхэн баяр хөөртэй байгааг нь илтгэх үнсэлт, тэврэлт бүхий зургийг нь нийгмийн сүлжээнд харсан хүмүүс нэлээд ундууцаж буй бололтой. Бухимдаж, жигшсэн хүн ч цөөнгүй харагдана лээ. Үнэндээ манай улстөрчид л сайд болохоороо хагартлаа баярладаг байх гэлтэй. Үлдсэн жил гаруйн хугацаанд эрх баригчдыг ажлаа хийгээсэй гэж л иргэд хүсэж байгаа. Хугацаа үлдсэнгүй шүү дээ. Гэвч сүүлийн хоёр сонгууль дараалан үнэмлэхүй ялалт байгуулж, найман жилийн “томилолт”-ийнхоосүүлчийн жилүүдтэй золгоод буй эрх баригчид илүүг хийх, эсэх нь эргэлзээтэй.
Яамгүй сайд буюу нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, Олимп, нийтийн биеийн тамир, спортын болон Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга нарыг Засгийн газрын бүтцэд нэмснээр танхимын бүрэлдэхүүн ийн өргөжсөн нь энэ. Салбар дундын зохицуулалтыг хангах, салангид чиг үүргүүдийг нэгдсэн бодлогоор зохицуулах үүднээс бий болгосон үндэсний хороод, даргалж байгаа сайд нар нь ямархуу ажиллаж буйг өнгөрсөн хэдэн сард хангалттай харлаа. Хүлээлтэд хүрэхгүй, хүмүүсийг бухимдуулахаас хэтрэхгүй л байгаа шүү дээ. Хөгжлийн бодлогын баримт бичгүүд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэдийн хүсэж буй хүлээлтэд нийцүүлж, тулгамдсан болон бодлогын асуудлуудаа шуурхай, хурдтай шийдвэрлэж, бодит үр дүнд хүргэж ажиллаж байгаа бил үү. Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нарын ажлын гүйцэтгэлийг жил бүхэн үнэлж, хариуцлага тооцох зарчим баримтлан, олон нийтийн үнэлгээтэй уялдуулан ажиллахаа анхааруулсан. Олон нийтийн үнэлгээг сайд нарыг томилохоос өмнө болон дараа харгалзан үзвэл одоогийн танхимаас “огцруулчих” хүн цөөнгүй бий.