Э.ДОЛГИОН Эдийн засагч, аюулгүй байдал судлаач
Хүн төрөлхтний түүх бол суутнуудын түүх гэж ярьдаг. Гэхдээ суутан гэдэг нь хийж чаддаг зүйлээ энгийн хүмүүсээс хамгийн сайн ойлгосон нэгнийг хэлдэг гэх үг ч бий. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн нөлөө бүхий эдийн засагчдын заримаас нь онцлон хүргэх нь энэ цаг үед туйлын хэрэгтэй мэт санагдана. Учир нь монголчууд нийт бичиг үсгийн боловсролоор дэлхийд толгой цохидог ч санхүүгийн боловсролоор дутуу хэвээр буй. Эдийн засгийн хүнд байдал, хямрал, даган ирэх сорилтуудыг давахад иргэдийн санхүүгийн боловсрол хамгаас чухал.
Энэ удаад дэлхийн нөлөө бүхий эдийн засагчдын нэг байсан Альфред Маршаллын талаар онцлон хүргэж байна. Түүнийг монголчууд эчнээ сайн мэднэ. Учир нь тэрбээр орчин цагийн макро эдийн засгийн үндэслэгч Жон Майнард Кейнсийн багш байсан юм.
Альфред 1842 онд ядуувтар айлын гэрт мэндэлжээ. Аав нь Английн Төвбанканд ажилладаг, харин ээж нь махны худалдаачин байсан аж. Тэднийх Өмнөд Лондоны Клапам хэмээх, тэр үеийн ажилчин ангийнхан голдуу амьдардаг дүүрэгт байв. Аав нь түүнийг ном эрдэмд суралцуулахаар ихэд зүтгүүлдэг байсан гэнэ. Тэр Кэмбрижийн их сургуульд суралцах эрх олж авсан бөгөөд сурлагаараа “толгой цохьдог” байжээ.
Хожим “Royal economics society” хэмээх судалгааны институт болон “Эдийн засгийн сэтгүүл”-ийг үүсгэн байгуулахад тусалжээ. Маршалл валют ба мөнгө, татварын удирдлага зэрэг сэдвийг судалж байлаа. Мөн 1891–1894 онд Эзэн хааны дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийн комисст орж ажилласан нь түүнд ядуурлын талаар гүнзгий судалгаа хийх боломж олгожээ. Маршалл өөрийн бичсэн “Зарчмууд” хэмээх номоо уг нь худалдаа, мөнгө болон татварын асуудлыг хөндсөн олон боть цувралын нэгдүгээрх нь гэж төлөвлөж байж. Гэвч өвчин болон цаг заваас шалтгаалж бусад ботио гүйцээж амжаагүй юм. 1919 онд тэрбээр “Аж үйлдвэр ба худалдаа” хэмээх номоо өөрийн эхнэр Мари Палей Маршаллтай хамтран бичсэн байна. Мөн 1923 онд “Мөнгөний эдийн засаг, мөнгө, зээл ба худалдаа” хэмээх эмхэтгэлд өөрийн хувь нэмрээ оруулжээ. Маршалл 1908 онд тэтгэвэртээ гарсан ба 1924 онд нас баржээ. Тэрбээр эдийн засгийн чиглэлийн асар том номын сангаа Кэмбрижийн их сургуульд хандивласан гэдэг.
1903 онд Альфред Маршалл Кэмбрижийн их сургуульд “Эдийн засгийн шинжлэх ухааны гурван жилийн бакалаврын хөтөлбөрт хамрагд сан нь дэлхий даяар тус сэдэвтэй анх холбогд сон сургалтын хөтөлбөр байлаа. Өмнө нь эдийн засгийн шинжлэх ухаан нь ёс зүйн, эсвэл философийн сургалтын хөтөлбөрт багтдаг байсан бөгөөд “улс төрийн эдийн засаг” гэх ерөнхий малгайн дор нэрлэгдэж байжээ.
Тэр үед эдийн засгийг “техникийн чанартай”, худалдаа, аж ахуй руу чиглэсэн гэсэн төсөөлөл давамгайлж байсан бөгөөд ер нь иймэрхүү дутуу ойлголт нь 1960-1970-аад он хүртэл үргэлжилсэн гэж болно. “Yes, Minister” буюу “За, сайд аа” хэмээх Английн хошин шогийн цувралд гардаг ахлах зөвлөх Хампри Эплби латин юм уу, грек хэлц үг хэлэх бүрт сайд нь огт ойлгодоггүй тул гайхаж хоцордог. Тэр үед Окс-бридж буюу мундаг сургууль төгссөнөө гайхуулах боломж гарсан тул Хампри “Сайд аа, та Лондоны эдийн засгийн сургуульд сурсан гэл үү” гэж асуудаг даа. Эдийн засгийн ухааны нэр хүнд тийм л доогуур байж.
Эдийн засгийн шинжлэх ухаан нь орчин үеийн дэлхийд маш чухал ач холбогдолтой байх болно гэж Маршалл таамаглаж байсан нь Кэмбрижийн их сургуулийг хагас зууны турш энэ салбарт тэргүүлэх байр суурьтай байхад нь туслав. Мөн Лондоны эдийн засгийн сургуулийг алдар нэртэй болгожээ. Маршаллын сурлага, хөдөлмөрийн замналаа эхлүүлэх тэр цагт эдийн засгийн шинжлэх ухаан нь өнөө л Рикардо, Адам Смит нарын онолд суурилж байв. Тиймээс тэрбээр “үр тарианы өртөг ба газрын түрээс”-ээс салж, эмпирик суурьтай шинжлэх ухаан болох ёстой гэж үзэж байлаа. Үнэндээ эдийн засгийн ухаан нь Смит, Рикардо нарын сонгодог байр сууриас огт өөр болж хувирсан бөгөөд “шинэ сонгодог онол” хэмээх пайзыг урьд нь зүүж өгсөн нь одоо ч хэвээр. Маршалл олон суурь ойлголт, нэр томьёог гаргаж, олны хүртээл болгосон нь өдгөө ч тэр хичээлийн танхимуудад заасаар, хэрэглэсээр байгаа юм. Мөн тэрбээр эдийн засгийн ойлголтуудыг муруй болон графикаар анхлан илэрхийлжээ.
Маршаллынхаар эдийн засгийн шинжлэх ухаан нь аливаа эдийн засаг жижиг нэгж хэсэгтээ хэрхэн ажиллаж байгааг харуулж чаддаг байх ёстой аж. Мөн Жон Майнард Кейнс нарын оюутныхаа замыг нь засаж өгсөн шинэ талбар болох жам ёсны тэнцвэрийн тухай санаа бас бий. Энэ санааг ашиглан нийгэм, эдийн засгийн зарим асуудалд илүү идэвхтэй, бодлогын шийдэл гаргаж болно гэж үзэж байлаа. Тухайлбал, “бүрэн хөдөлмөр эрхлэлт”-ийг нэрлэж болно. Маршалл нийгмийн асуудлуудаар цаг үеийнхнээсээ хамаагүй түрүүлж сэтгэдэг байсан юм. Тэр ядууралтай тэмцэх, дундаж давхарга, ажилчин ангийг боловсролтой болгохын чухлыг онцолж байв. Гэхдээ л нийгмийн хувьд хуучинсаг үзэл гэмээр Викториагийн үеийн (хөдөлмөрч, хичээнгүй, уламжлалаа дээдлэх үзэл) ёс суртахууны зарим үнэт зүйлсийг эдийн засгийн асуудалд тусгаж өгөхөөс татгалз сангүй. Мальтусын адил тэрбээр ядуусыг олон хүүхэдтэй, тогтворгүй гэр бүлтэй болохоос сэрэмжлүүлж байсан юм.
Гэхдээ Маршалл удаан, уйтгартай ярьдаг профессор болсон бөгөөд эрдэмтний хувиар ч бичлэгүүд нь улам урт, нүсэр болсоор байлаа. Шавь болох Кейнс нэг удаа түүний номын тухай “Эдийн засагчид Маршаллын номоос эш татсан хэсгийг уншаад, харин үндсэн их биеийг нь алгасах хэрэгтэй” хэмээн хошигнож байв. Хэдий Маршалл сунжруу бичдэг байсан ч гэсэн түүний номууд эцэстээ алдаршжээ. Анх 750 хуудастай байсан ном нь 1920 онд сүүлчийн найм дахь хэвлэлтдээ 870 хуудастай болсон ч хэдэн арван жилийн турш барууны топ их сургуулийн оюутнуудын хувьд заавал танилцах сурах бичиг байлаа. Маршаллын хамгийн гол хувь нэмэр бол эрэлт, нийлүүлэлтийн тухай байсан юм.
Адам Смит, Рикардо нарын хувьд аливаа үнэ тогтоход хамгийн чухал хүчин зүйл нь бүтээгдэхүүний өртөг, нийлүүлэлтийн зардал бол Уильяам Стэнли, Жэвонсын хувьд үнийг тодорхойлох гол хүчин зүйл нь эрэлт байж. Харин Маршалл арай өөр байр суурь баримталж байсан нь эрэлт, нийлүүлэлт хоёр яг л хайчны хоёр ир шиг харилцан үйлчлэлд орох бөгөөд дундын буюу шүргэлцэх цэгт үнэ тогтдог гэж үзсэн байна. Тэрбээр нийлүүлэлтийг өсөх чиг бүхий шугамаар дүрсэлсэн бөгөөд хэрэв тухайн бүтээгдэхүүний үнэ дээшилбэл компаниуд ч мөн адил үйлдвэрлэх тоо хэмжээгээ нэмэгдүүлдгийг графикаар харуулсан байна. Үүнтэй харгалзах эрэлтийн хууль нь тухайн барааны үнэ буурвал хүмүүс илүү их хэмжээгээр худалдан авах гэнэ. Ийнхүү эрэлт, нийлүүлэлт нь байнга харилцан тохиргоонд орсоор “үнийн тэнцвэр”-т хүрэх бөгөөд энэ цэг нь нөөц баялгийг хамгийн үр ашигтайгаар хуваарилах нөхцөлийг бүрдүүлдэг аж. Эрэлт, нийлүүлэлтийн шугамууд хөндлөн огтлолцож буй диаграмм дээрх тэр цэгийг “Маршаллын огтлолцол” гэж нэрлэдэг нь ийм учиртай. Хэрэглэгчид тухайн үнээр худалдан авахдаа баяртай байх болно, мөн үйлдвэрлэгч нар ч ийм ханшаар борлуулахдаа дуртай байх болно.
Маршаллын үнийн мэдрэмжийн тухай ойлголт ихэд алдартай. Зарим бүтээгдэхүүн, тухайлбал түлш шатахуун харьцангуй мэдрэмж бага байдаг. Яагаад гэвэл хүмүүст машин туйлаас хэрэгтэй бөгөөд шатахууны үнэ өссөн ч худалдаж авахаас өөр аргагүй. Харин бусад бараа, тухайлбал гоёмсог хийцийн гар цүнх зэрэг нь илүү мэдрэмтгий. Эдийн засаг хямраад эхэлбэл хүмүүс хамгийн түрүүнд тансаг хэрэглээгээ хумьдаг. Сайн цагт “Шанел”-ийн гар цүнх авах байсан эмэгтэй хүнд цаг үед сайхан харагдахыг нь сонгох ч үнийн хувьд илүү хямдыг нь авах болно.
Гэхдээ Маршалл аливаа мэдрэмж нь цаг хугацааны явцад өөрчлөгдөнө гэж үзсэн байдаг. Бензин шатахууны үнэ богино хугацаанд мэдрэмж багатай байж болно. Учир нь хүмүүс машинаа унаж ажилдаа явна, хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгнө. Гэвч урт хугацаанд технологи өөрчлөгдөх, нөөц баялаг шавхагдах болон цахилгаан хөдөлгүүрт автомашины үнэ буурах зэргээс үүдэн шатахууны үнэ илүү мэдрэмжтэй болох юм.