Канадад зарим ангиллынхыг эс тооцвол гадаадын иргэдэд байшин худалдаж авахыг хоёр жилийн хугацаагаар хориглосон шийдвэр хэрэгжиж эхлэв. Энэ нь дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог орон сууцын зах зээлийнхээ ханшийг бууруулах зорилготой юм. Өнгөрсөн оны зун тус улсад орон сууцын дундаж үнэ 568 000 доллар болж өсжээ. Угдүннь татварын дараах дундаж орлогоос 11 дахин их байна. Статистик мэдээллээс үзвэл үнэ хамгийн өндөр байдаг Онтарио, Бритиш Колумб мужид орон сууц эзэмшигчдийн зургаа хүрэхгүй хувийг тус улсын харьяат бус хүмүүс эзэлдэг. Үүнийг зөрчвөл 10 мянган канад доллароор (7300 орчим ам.доллар) торгуулах гэнэ.
Канадын Засгийн газрын шийдвэрээс үзвэл тус улсад таваас доошгүй жил оршин суусан гадаадын оюутнууд, дүрвэгсэд болон ажиллах зөвшөөрөл эзэмшигч дээрх хоригт хамаарахгүй аж. Орон сууцын барилгын сайд Ахмед Хуссейны хэлснээр энэ хориг нь үл хөдлөхийг орон сууц биш, хөрөнгө оруулах боломж гэж үздэг бизнес эрхлэгчдийг зах зээлдээ нэвтрүүлэхгүй байх зорилготой. “Энэ хуулиар канадчуудыг орон сууцынхаа эзэн байх эрхийг баталгаажуулахыг хүсэж байна. Тус улсад амьдарч буй бүх хүний сайн сайхны төлөө бид үйлчилдэг” гэж тэрбээр хэлэв.
Канадад орон сууцын үнэ өнгөрсөн онд бага зэрэг буурсан ч 10 жилийн өмнөхтэй харьцуулахад маш өндөр хэвээр байна. 2013 оны ханшаас (дунджаар 300 000 ам.доллар) өнгөрсөн жилийнх 48 хувиар их байжээ. Тус улсын өрхийн жилийн дундаж орлого тийм ч хурдан өсөөгүй. Хамгийн сүүлийн мэдээллээр 2015-2020 онд 9.8 хувиар өссөн байна. Энэ нь Канадыг дэлхийд хамгийн өндөр ханштай буюу Шинэ Зеланд, АНУ, Британийнхаас илүү үнэтэй зах зээл болгожээ. Канадын томоохон хотуудад орон сууцын дундаж үнэ нэг сая канад доллароос давдаг. 2018 онд Шинэ Зеландын эрх баригчид үнийг бууруулах зорилгоор мөн ийм хориг тавьсан. Гэвч уг хоригийн дараа ч үл хөдлөх хөрөнгийн дундаж үнэ өссөөр буй аж.