Олон зуун зорчигчтой “Viking orion” хөлөг онгоц Австралийн эрэгт долоо хоножээ. Бичил биетэн, ургамал, мөөгөнцөр их биед нь хуримтлагдсан уг хөлөгт Шинэ Зеланд, Австралийн нэг ч боомт зогсох зөвшөөрөл өгөөгүй аж. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-нд Шинэ Зеландын Веллингтоноос хөдөлсөн онгоцыг эхэндээ тус улсын Крайстчерч, Данидин, дараа нь Австралийн Хобарт, Аделаида боомт хүлээн авахаас татгалзжээ.
Хөлгийн их биеийн био бохирдлыг цэвэрлэхэд туслахаар мэргэжлийн шумбагчид очсон гэнэ. Тийм бохирдол үүсэх нь хөнөөлтэй бичил биетэн, ургамал, тэр дундаа замаг тээсэн байх аюултай бөгөөд тэдгээр нь уг хөлгийн зорчсон экосистемийг сүйрүүлж, эсвэл эрс өөрчилж болзошгүй.
Хөлөг онгоцны их биеийг био бохирдолтой, эсэхийг шалгаж, шаардлагатай бол цэвэрлэх нь боомт руу нэвтрүүлэхийн өмнө тавьдаг стандарт шаардлага болохыг Австралийн Загас агнуурын газар онцолжээ. “Viking orion” дээр америк жуулчид голдуу 800 зорчигч байгаа аж. Цэвэрлэсний дараа уг хөлөг аяллаа үргэлжлүүлж, Мельбурн руу явах гэнэ. Онгоц төлөвлөсөн зогсоолууддаа хүрч чадаагүй тул далайн аяллыг зохион байгуулагчид зорчигчдоосоо уучлалт хүссэн байна. Аяллын чиглэл, төлөвлөгөөнд гарсан өөрчлөлтийг нөхөхийн тулд үйлчлүүлэгч бүртэй уулзаж байгаагаа хөлөг онгоцны ахмад мэдэгджээ.