Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг өнгөрсөн оны зургадугаар сарын 8-нд Засгийн газрын 224 дугаар тогтоолоор баталсан. Энэ нь мал төхөөрөх, мах боловсруулах, хадгалах, тээвэрлэх, борлуулах шатанд аюулгүй байдлыг хангах угтвар нөхцөл, эрүүл ахуй, ариун цэврийн стандарт ажиллагааны зааврыг багтаасан цогц зохицуулалт гэдгээрээ онцлогтой юм. Уг техникийн зохицуулалтыг энэ сараас үе шаттайгаар хэрэгжүүлж эхэллээ. Цаашлаад 2025 оны нэгдүгээр сараас бүрэн хэрэгжиж эхлэх аж. Ингэснээр нийтийн эрүүл мэндийг хамгаалах, өртөг шингэсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж бүрдэх нь. Мөн монгол малын махны экспортын зах зээлийг өргөжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Үүний тулд хүнсний зориулалтаар бэлтгэх малын эрүүл мэнд, мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн барилга байгууламжийн бүтэц, зохион байгуулалт, тоног төхөөрөмж, технологийн эрүүл ахуй, хөргөлтийн байгууламжид тавих нийтлэг болон тусгай шаардлагуудыг дээрх зохицуулалтад тусгажээ. Бас үйлдвэрт ажиллагсдын эрүүл мэнд, ариун цэвэр, эрүүл ахуй, мах, махан бүтээгдэхүүний тээвэрлэлт, худалдаанд баримтлах шаардлагууд, хүний нөөцийн чадавх, мах, махан бүтээгдэхүүний мөшгөлтийн тогтолцоог хамруулсан гэнэ. Ташрамд дурдахад, Монгол Улсад мал төхөөрөх 98, мах боловсруулах 80 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Гэсэн ч тэдгээр нь суурилагдсан хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг ашигладаг байна. Сүүлийн таван жилд гэхэд дунджаар 35.7 мянган тонн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэжээ. Энэ нь нийт бэлтгэсэн махны 6.2 хувийг эзэлсэн байна. Тэгвэл дээрх зохицуулалтыг мөрдсөнөөр махаа зориулалтын дагуу, баталгаатай үйлдвэрүүдэд бэлтгэхэд дөхөм болох гэнэ.