Гишүүн Ш.Адьшаа өнгөрөгч баасан гарагт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Тэрбээр өчигдөр өргөн барьсан төслийнхөө талаар мэдээлэл өгөв. Гишүүн Ш.Адьшаа “Төрд бугшсан 30 жилийн луйврын схем болсон төрөөс баталгаа гаргасан зээл, тусламжийг улс төрд хамаарал бүхий этгээдүүд авч, завшдаг явдлыг өөрчлөхийн тулд эл төслийг санаачиллаа” гэв.
АТГ-т хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдын хувьд орлогоосоо давсан, хэт их хэмжээний зээл бусад этгээдээс авах, төрийн өндөр албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээд төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалтыг аливаа этгээдэд хууль зөрчин олгуулахаар нөлөөлөхийг хориглохоор тусгажээ. Мөн улс төрд нөлөө бүхий албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн хувь эзэмшдэг хуулийн этгээд төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалтад хамрагдах эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор төрөөс үзүүлэх аливаа дэмжлэг, тусламж авахыг хориглох гэнэ.
Бэлтгэсэн Б.Уран