Монголын хөрөнгийн бирж олон нийтэд нээлттэй хувьцаат компани болохоор үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-30-ны 10.00- 17.00 цагт авсан билээ. Тодруулбал, нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 119 157 603 ширхэг хувьцаа санал болгон 11.91 тэрбумыг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Захиалгыг 30-ны 17.00 цагт хүлээн авч дуусах байсан ч хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн захиалгын тоо өндөр байсныг харгалзан андеррайтер компаниас ирүүлсэн хүсэлтийн дагуу 18.00 цаг хүртэл сунгасан юм. Ингэхэд анхдагч зах зээлийн арилжаагаар нийт хөрөнгө оруулагчаас 57.86 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 7414 захиалга ирүүлсэн байна. Энэ нь татан төвлөрүүлэх дүнгээс 4.8 дахин давсан үзүүлэлт боллоо.
Дээрх хувьцааны 90 хүртэлх хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 10 ба түүнээс дээш хувийг нь олон нийтэд хуваарилахаар болсон талаар өмнө нь мэдэгдэж байв. Тэгвэл Монголын хөрөнгийн биржийн нэмж гаргасан хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны явцад жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын оролцоо, сонирхол өндөр байсантай холбоотойгоор дээрх хуваарилалтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэжээ. Улмаар 50 хувийг нь стратегийн, мөн 50-ийг нь жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад хуваарилахаар болов. Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны бүртгэлийн журмын 7.13-т заасны дагуу захиалгуудыг хянаж, тайланг эцэслэн гаргах аж.