Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрыг байгуулав. Аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний нэгдсэн төвтэй эл агентлагийн чиг үүргийг давхардуулахгүй аж. Тиймээс төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийг удирдлага, зохион байгуулалт, сургалтаар хангаж, стандартын шаардлагыг мөрдүүлэн, нэгдсэн систем нэвтрүүлж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад даалгалаа. Аймаг тус бүрт холбогдох төрийн байгууллагын үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа тав, нийт 105 албан хаагчийг тус газарт шилжүүлэх юм. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрыг байгуулснаар нийслэлийн зургаа, 21 аймгийн үйлчилгээний нэгдсэн төв, Улаанбаатар дахь төрийн үйлчилгээний 59, 309 сум, суурин газрын нийт 395 цэгээр дамжуулан орон нутагт салбар, нэгжгүй төрийн захиргааны байгууллагын үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд хүртээмжтэй хүргэх гэнэ.
Түүнчлэн энэ өдрийн хуралдаанаар Хяналт, шалгалтын нийтлэг журмыг батлав. Улмаар үүнд нийцүүлэн, эрхэлсэн салбарын онцлогт нийцсэн хяналт, шалгалт явуулахтай холбоотой журам, заавар, маягт, аргачлал, хяналтын хуудсыг боловсруулан баталж, мөрдүүлэхийг эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагад даалгалаа. Мөн Кибер аюулгүй байдлын үндэсний стратегийг баталжээ. Үүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.
Бэлтгэсэн У.Наран