Мал, тэжээвэр амьтдын тооллогын урьдчилсан дүнгээр энэ онд улсын хэмжээнд 71.1 сая толгой мал тоологдож, түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болсон тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ оны эцэст нийт мал сүрэгт адуу 4.8 (6.8 хувь), үхэр 5.5 (7.7), хонь 32.7 (46), ямаа 27.6 сая (38.8), тэмээ 470.4 мянгыг (0.7) нь эзэлжээ. Мал тооллогын урьдчилсан дүнгээр тэргүүлсэн таван аймгийг мөн дурдав. Тодруулбал, Хөвсгөл аймаг 6.3, Архангай 5.9, Төв 5.11, Хэнтий 5.1, Сүхбаатар 4.6 сая толгой мал тоолуулжээ.
Сүүлийн 10 жилийн үзүүлэлтийг харвал манай улсад 2013 онд 45.1, 2014 онд 51.9, дараа жил нь 55.9, 2016 онд 61.5 сая толгой мал тоолуулж байжээ. Тэгвэл 2017 онд 66.2, 2018 онд 66.4, 2019 онд 70.9, 2020 онд 67, өнгөрсөн жил 67.3 сая толгой мал тоологдсон дүн бий. Мал тооллого нь хөдөөгийн өрхийн аж байдал, малчдын мэдээлэл, хөдөлмөр эрхлэлтийг тооцох, тэдгээр өрхийн хөрөнгийн бүртгэлийн гол эх үүсвэр болдог онцлогтойг ҮСХ-ноос тэмдэглэв. Нөгөөтээгүүр, мал тооллогын мэдээллийн санг орон нутгийн хөгжил, малчдад чиглэсэн төрийн бодлого, шийдвэрт ашиглах ач холбогдолтой. Ташрамд дурдахад, мал аж ахуйн эдийн засагт оруулах нөлөөллийг авч үзвэл Монгол Улсын ДНБ-ий 13 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж буйн 92 орчим хувийг нь мал аж ахуй бүрдүүлдэг аж. Харин аймаг, орон нутгийн хувьд ДНБ-ийх нь дийлэнх буюу дунджаар 38.4 хувийг нь бүрдүүлдэг байна.