УИХ Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай тогтоол баталж, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, тэдгээрийн эрэмбэ, шийдвэрлэх арга замын талаар иргэдийн төлөөлөлтэй зөвлөлдөх санал асуулгыг “Зөвлөлдөж шийдье” сэдвээр ирэх оны хоёрдугаар сарын 20-нд зохион байгуулах гэж байна. Мөн зөвлөлдөх санал асуулгыг угтаж эрдэм шинжилгээний хурал, чуулга уулзалт зэргийг дээрх сэдвийн хүрээнд ирэх сард хийх нь. Өдгөөгөөс бараг зургаан жилийн өмнө буюу 2017 оны дөрөвдүгээр сард Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотойгоор зөвлөлдөх санал асуулгыг анх удаа зохион байгуулж байлаа.
Зөвлөлдөх ардчилал гээч шинэ тутам тархаж буй “зүйл”-тэй монголчууд тэгж анх танилцсан юм. Хүн төрөлхтний түүхэнд онол хийгээд практик болж яваа төлөөллийн болон шууд ардчиллын согогийг засаж, аль алиных нь давуу талыг шингээсэн хувилбар нь зөвлөлдөх ардчилал гэж тодорхойлох нь ч бий.
Энэ удаа шууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар зөвлөлдөнө гээгүй ч том зургаараа уг асуудлыг л хөндөх болов уу. Өөрөөр хэлбэл, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал нь тогтолцооны өөрчлөлт хийх явдал, үүний тулд эхлээд Үндсэн хуулиа засаж, сайжруулъя хэмээгээд л эрх баригчид яриад байгаа зүйлсээ хийх “хөрс”-өө бэлдэх гэж байхыг үгүйсгэхгүй. Тэгээд ч Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд нийгмийн зөвшилцлийг зайлшгүй хангасан байх ёстой. Төслийг нь энэ ондоо багтаан өргөн барихыг УИХ-аас Засгийнгазартдаалгаад буй.
“Яриад байгаа зүйл” гэдэг нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудал юм. Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ сарын эхээр жагсаалтай холбогдуулан мэдэгдэл хийхдээ тогтолцооны өөрчлөлт хийх эрхийг намынхнаасаа авснаа онцолж, “Үндсэн хуультай холбоотой шинэчлэл хийхийг хүсэж байна. Өрнүүлсэн тэмцэл, дэвшүүлсэн бодлого маань үргэлжлээсэй гэж хүсэж байгаа бол ард түмэн сонголтоо хийж, легитим эрх өгөөч. Хэрэв үгүй гэвэл ард түмэн дүнгээ тавиач. Цаашдаа ингэж л явна. Үүнийг л сонгодог парламент гэдэг. Энэ бол хүчтэй Ерөнхий сайдын засаглал. Тулгарсан асуудлаа шийдэж чаддаг Засгийн газартай байхыг парламентын засаглал гэдэг” хэмээсэн билээ. Дээрх тогтоолыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх үеэр ч УИХ-ын дарга Г.Занданшатар “Нийгмийн зөвшилцлөөр үндэсний хэмжээнд асуудлаа хэлэлцэн, шийдэл гаргах хэрэгтэй. Өнөөдөр ард түмэн төрд итгэх итгэлгүй болсон. Иймд зөвлөлдөх санал асуулга явуулж, хүн амын 50 хувь болсон эмэгтэйчүүд, залуучуудынхаа төлөөллийг сонгон, оролцуулах юм. Ард түмний төлөөллийг төрийн эрх барих үйл хэрэгт оролцуулах, санал бодлоо илэрхийлэх боломж олгох нь маш чухал. Ингэж өнгөрсөн 30 жилийн алдаа, оноогоо дүгнэж, тогтолцооныхоо гажуудлыг засаж, шинэчлэх, дорвитой өөрчлөлт хийх шаардлагатай болоод байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бодитой хэрэгжихгүй байна хэмээн иргэд бухимдаж байна” гэсэн юм. УИХ-ын дарга Г.Занданшатар бол Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль, үүнийг баримтлан явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын “автор” нь.
Нөгөө талаас өмнөх санал асуулгыг хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангах, Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох гэх мэт 12 сэдвийн дагуу явуулна гэдэг нь тогтоол батлах үед тодорхой байв. Харин энэ удаагийн сэдэв нь нэлээд ерөнхий, том байгааг хэлэлцүүлгийн үеэр гишүүд ч хэлсэн.
Хуульд заасны дагуу зөвлөлдөх санал асуулгыг Зөвлөлдөх зөвлөл зохион байгуулдаг. Эл зөвлөл нь хараат бус, бие даасан, нэр хүндтэй эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл бүхий 5-11 хүнээс бүрдэх ёстой. Үүнд нэр дэвшүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ сарын 30-ныг хүртэл хүмүүсээс материалыг нь хүлээн авна. Өмнөх зөвлөлийн даргаар хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Улсын бага хурлын гишүүн асан Д.Ламжав нар ажиллаж, бүрэлдэхүүнд нь Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нарын найман хүн багтаж байв.
Дээрх зөвлөлийг бүрдүүлэхээсгадна зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, бүрэлдэхүүнд нь гишүүн Ж.Батсуурь, С.Ганбаатар, Т.Доржханд, Ж.Мөнхбат, С.Одонтуяа, М.Оюунчимэг, О.Цогтгэрэл, Н.Энхболд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нарыг оруулаад буй.
Оролцогчдоос санал авах ажлыг үндсэндээ статистикийн байгууллага гүйцэтгэнэ. Санал асуулга хоёр шаттай бөгөөд эхлээд 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн оролцох эрхтэй. Харин хэдэн иргэн оролцуулахыг санал асуулгын сэдэв, хамрах хүрээг харгалзан Үндэсний статистикийн хорооноос баталсан аргачлалын дагуу Зөвлөлдөх зөвлөл тогтоох юм. Ингэхдээ хамгийн сүүлд явуулсан УИХ-ын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтаас хүйс, нийгмийн бүлэг, давхарга зэргийг нь харгалзан, тохиолдлын зарчмаар, 21 аймаг, есөн дүүргээс сонгож авах ёстой. Анхдугаар санал асуулга явуулахад тулгуурласан 2016 оны сонгуулийн нэрийн жагсаалтад 1.9 сая иргэн байсан бөгөөд 1570 хүнийг түүвэрлэн оруулсан юм. Харин одоо 2020 оны сонгуулийн нэрийн жагсаалтыг үндэслэнэ гэвэл 2.3 сая иргэнээс хэдийг нь түүвэрлэх вэ гэдгийг харна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өмнөх асуулгад оролцогчдоос олон хүнийг одоогийнход хамруулах болов уу. Оролцогчдод эхлээд энгийн, ойлгомжтой агуулга бүхий материал тарааж өгөх ёстой. Тухайн сэдэв, асуудлаа сургуулийн хүүхэд ч ойлгохоор хэмжээнд томьёолж, тайлбарлах нь чухал.
Ингээд мэдээлэл авч, тодорхой байр суурь, санал дэвшүүлэх боломжоор хангасны дараа хүмүүсээс санал асуулгад оролцох, эсэхийг нь тодруулж, 50-иас доошгүй хувийг нь дахин тохиолдлын зарчмаар сонгон, нэг дор цугларч, зөвлөлдөнө гэсэн үг. Ингэхдээ оролцогчдыг 15-аас илүүгүй хүнтэйгээр жижиг бүлэг болгож, бүрэлдэхүүнийг мөн л тохиолдлын зарчмаар сонгон, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг тухайн бүлгийн оролцогчдод бүрэн хүргэж, тэгш оролцоог нь хангах нөхцөл бүрдүүлэх ёстой. Өмнөх санал асуулгын үеэр анхны 12 сэдвийг хураангуйлж, зургаа болгосон юм. Тухайн сэдвүүдийн хүрээнд оролцогчдод тэнцвэртэй мэдээлэл өгөх үүрэгтэй, хэлэлцэж буй асуудлаар нь мэргэшсэн, туршлагатай экспертүүдийг сонгож ажиллуулдаг билээ. Анхдугаар санал асуулгыг сурвалжилж явахдаа Төрийн ордонд орж ирсэндээ итгэж ядан буй гэлтэй ийш тийш харж, элдвийг сонжих нэгэн, хамаг биеэ барьж, хэлж, дуугарахаа умартсан хэсэг, эсрэгээрээ бүлгийн чиглүүлэгчээ хүртэл зэмлэж, хэлэлцэж буй асуудлаа мэдэхгүй байна гэж загнах “идэвхтнүүд” гээд олон янзын өнгө төрхийг олж харж байлаа. Бичиг, үсэг мэдэхгүй хүн оролцсоныг ч Зөвлөлдөх зөвлөлийнхөн дараа нь мэдээлсэн юм. Ингэж нарийн зохион байгуулалт, дэс дараатай болдог зөвлөлдөх санал асуулгаас эрх баригчдад зориулсан, захиалгатай, улстөржсөн үр дүн гарна гэж хэлэх аргагүй ч МАН-ынхан нэгэнт хийхээр төлөвлөсөн ажлынхаа урьтал болгон, юу ч гэж тайлбарлаж мэднэ.
Эцэст нь анхдугаар зөвлөлдөх санал асуулгын үр дүнд парламентыг хоёр танхимтай болгох, УИХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүн Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар нэг удаа сонгохоос бусад санал оролцогчдоос бүрэн дэмжлэг хүлээж, улмаар 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан түүхтэй. Ташрамд дурдахад, өмнөх санал асуулгад 200 орчим сая төгрөг зарцуулснаас дийлэнх нь оролцогчдыг нийслэлд авчрах, байрлуулахад зориулагдсаныг албаныхан хэлж байв.