Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”- ийн хүрээнд Хэнтий аймгийн Дадал сумд “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар болсон. Тэгвэл уг цогцолборын мэдээллийн төвийн гүйцэтгэгчээр “Мандалт констракшн” ХХК шалгарчээ. Захиалагч тал болох БОАЖЯ-ны удирдлага өчигдөр тус компанийнханд мэдээллийн төвийн зураг төсөл, барилга угсралт, бараа нийлүүлэх ажил гүйцэтгэх гэрээг гардуулан өглөө.
“Мандалт констракшн”-ыхан гэрээний хүрээнд мэдээллийн төвийн барилга, авто зогсоол барих, Дэлүүн болдог, Хажуу булаг, Эрчист овоо орчмыг тохижуулах, нисдэг тэрэг буух талбай, явган хүний зам дагуух газруудад амрах цэг, ариун цэврийн байгууламж байгуулах нь. Цогцолборын ажлыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд эхнийхийг нь 2023 онд эхлүүлэхээр төлөвлөжээ. Ташрамд дурдахад, Засгийн газар Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэх зорилтын хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсний нэг нь энэ юм.