Ардчилсан Намаас нүүрсний асуудлаарх мэдэгдэл, “ЭТТ” ХК-тай холбоотой нууцад хамруулсан бүх офтэйк гэрээг ил болгох тухай хугацаатай албан шаардлагын талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал "Алтангадас од ямагт хойд зүгийг заадагтай адил нүүрсний хулгай МАН-ын засгийн газар руу байнга заах боллоо.Ерөнхий прокурорын дурдсанаар нүүрстэй холбоотой хэрэг бүртгэлтийн 38 хэрэг шалгаж байгаа аж. 2013-2017 оны гурван хэрэг байна. 38 хэрэг шалгагдаж байгаагийн 35 нь МАН-ын Засгийн газрын үед гарсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. "Эрдэнэс Тавантолгой" компани бие даагаад гэрээ хийдэггүй, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу хийдэг. Засгийн газрын энэ асуудлыг УИХ дээр ярих цаг нь болсон. Нүүрсний хэдэн гэрээ, ямар үнэтэй хийсэн, гэрээнээс хэдийг нь ил болгох, одоо ил болгох уу, 1.072 хувьцаа эзэмшигчдээс асуухгүйгээр нууцад авсан болон гаргаснаа иргэддээ тайлбарлах шаардлагыг 24 цагийн хугацаатай өгсөн. Хугацаандаа хариу өгөхгүй бол АН-ын гишүүд, дэмжигчид Л.Оюун-Эрдэнээс очиж авна" гэв.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар, Ж.Мөнхбат нар мөн цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн. УИХ-ын дарга Г.Занданшатар "Нүүрсний хулгайг цэгцэлж, нээлттэй, үр ашигтай болгох зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан. Уг хуультай холбогдуулан УИХ-ын тогтоол гаргаж, 2012 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш төрсөн хүүхдүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,072 ширхэг хувьцааг олгохоор болсон. Энэхүү тогтоолыг УИХ дахь Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэнэ. Түүнчлэн Хөрөнгийн бирж дээр нүүрсээ нээлттэй арилжаалах асуудлыг мушгиж, хувьчилна гэх мэдээлэл тарааж байна. Энэ нь ташаа мэдээлэл болохыг мэдэгдье” хэмээх мэдээллийг энэ үеэр өглөө.