“Монгол туургатан ачаа тээвэрчдийн холбоо” ТББ-аас өчигдөр мэдээлэл хийв. Энэ сарын 16-нд “Эрдэнэс Тавантолгой” компаниас Засгийн газрын 362 дугаар тогтоолыг танилцуулж, нүүрс тээврийг шинээр зохион байгуулж, тендер зарлахыг мэдэгджээ. Үүнд нүүрснийхилийн үнийг баримтлан, тээвэрлүүлнэ гэсэн аж. Тодруулбал, тээврийн зардал, нүүрсний ханшийг нэгтгэж тооцон, хамгийн хямд үнэ санал болгох компаниудыг сонгон шалгаруулахаар болсон аж. Хэрэв ийм байдлаар нүүрс тээвэрлүүлбэл том компаниудад л ашигтай байж, олон зуун тээвэрчин ажилгүй болох эрсдэлтэйг дээрх ТТБ-аас дурдлаа. Тус байгууллагын тэргүүн Бямбагэрэл “Одоогоор 300 гаруй аж ахуйн нэгжийн 22 000 орчим жолооч, 6000 услах ажилчин халдвар хамгааллын дэглэм баримтлан Гашуунсухайтад ажиллаж буй. Хэрэв тендер зарлан, нүүрсний тээврийг эхлүүлбэл эдгээр жолооч, ажилчин ажилгүй болж, компаниуд дампуурна. Учир нь монгол тээврийн компаниуд тендерт ялах, тээврийн зардал болон нүүрсний үнийг багтаасан дүн санал болгож, тээвэрт оролцох боломжгүй” гэлээ. Тиймээс тендер зарлан нүүрс тээвэрлэх эрх олгох шийдвэрийг хүчингүй болгох, олон зуун жолоочийг ажлын байртай үлдээхийг уриалж, Ерөнхий сайд болон албаны бусад хүнд шаардлага хүргүүлнэ гэв.