МХБ нийт хувьцааныхаа 34 хувь буюу 119.1 сая ширхгийг, нэгжийг нь 100 төгрөгөөр олон нийтэд санал болгон 11.91 тэрбумыг татан төвлөрүүлэхээр болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Уг үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг өчигдөр эхлүүлсэн бөгөөд захиалга нь 40.83 хувьд хүрлээ. Тодруулбал, захиалгын тоо 2277, үнийн дүн нь 4.86 тэрбум төгрөгт хүрсэн байна. Анхдагч зах зээлийн арилжааны захиалга энэ сарын 30-ны 17.00 цагт дуусах юм. Эл үнэт цаасны 90 хүртэлх хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгохыг өмнө нь мэдээлж байв. Тэгвэл хуваарилалтад өөрчлөлт оруулсан аж. Тухайлбал, МХБ болон үндсэн андеррайтер харилцан зөвшилцсөнөөр стратегийн хөрөнгө оруулагчдад хуваарилах нийт хэмжээг санал болгож буй хувьцааны 70 хувь буюу 83 410 322 ширхэг хүртэл бууруулах, жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад хуваарилах хэмжээг үлдэх 30 хувь буюу 35 747 281 ширхэг хүртэл нэмэгдүүлэх боломжтой байхаар тусгажээ.
Бэлтгэсэн Б.Сонор