Өвлийн хүчтэй цасан шуурга АНУ-ын 250 сая орчим хүн амьдардаг бүс нутгийг хамарчээ. Тус улсын 12 муж улсад цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлсээр байна. Хүйтний эрч чангарч, шуурч, их хэмжээний цас орсны улмаас 23 хүн амиа алдав. Тус улсын 1.5 сая гаруй хүн цахилгаангүй болжээ. Шуурга АНУ-ын Техасаас Канадын Квебек, Их нуурууд хүртэл 3200 км газар нутгийг хамраад байна. Онтарио, Квебек мужид олон мянган өрхийн цахилгаан тасарчээ. Канадын ихэнх нутаг, Бритиш Колумбаас Ньюфаундлэнд эрс хүйтэрч, цаашид цаг агаар улам муудахыг оршин суугчдад анхааруулж буй. CBS телевизийн мэдээлснээр Ванкуверт цас, хүйтэн бороо, мөндөр оржээ. Автобусны олон чиглэл үйлчилгээнд гарах боломжгүй, гүүрнүүд хаагдсан, метроны хөдөлгөөн удааширсан гэнэ. Автомашин эзэмшигчдийн олонх нь өвлийн дугуйгүй байжээ. Их хэмжээний хур тунадас орж буй учир дулаарахаар үер буух эрсдэлтэй байна. АНУ-ын Монтана муж улсад агаарын температур -45 градус зааж буй гэнэ. Сиэтл, Портланд хотын гудамжуудад мөсөн бүрхүүл тогтжээ. Далайн эргийн бүс нутгуудад эрэг усанд автсан тухай мэдээлж байна. Цахилгаангүй болсон Өмнөд Дакота муж улсад Америкийн уугуул овог аймгууд дулаацахын тулд хувцсаа шатаахаас өөр аргагүй болсон гэнэ. Нью-Йоркийн Баффало хотод 89 см хур тунадас орж, үзэгдэх орчин бүрэн хязгаарлагджээ. Цаг уурчид оршин суугчдыг боломжтой бол гудамжинд гарахгүй байхыг, автомашинаар зорчихоос татгалзахыг уриалав. АНУ-д 1800 нислэг цуцлагдсан тухай мэдээлж байна. Цаг агаар муудсан нь америкчууд Зул сарын баярын төлөвлөгөөгөө цуцлахад хүргэжээ. Энэ жилийн Зул сарын баяраар тус улсад сүүлийн 30 жилд байгаагүй хүйтэн болж буйг цаг уурчид мэдэгдэв. Ийм цаг агаар АНУ-д хэдэн арван жилд ганц тохиодгийг мэргэжилтнүүд тэмдэглэжээ.