“Эрдэнэс Монгол”-ын менежментийг өөрчилсөнтэй холбоотойгоор ажиллагсдыг нь нээлттэй сонгон шалгаруулахаар болсныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Д.Амарбаясгалан өнгөрсөн баасан гарагт мэдээлэв. Цаашид төрийн өмчийн 110 компанийг энэ маягаар шинэчлэх бөгөөд эхний ээлжид 34-ийг нь хамруулах аж.
“Эрдэнэс Монгол”-ын хувьд долоон газар, долоон хэлтэстэйгээр, нийт 89 хүн ажиллуулах гэнэ. Эдгээрээс гүйцэтгэх захирлыг нь томилсон тул 88 хүнийг сонгон шалгаруулах юм байна. Долоон газрыг ахлах менежерүүд удирдаж, долоон менежер хэлтсүүдийг хариуцах бөгөөд бусад нь мэргэжилтэн байх нь. Менежментийн өөрчлөлттэй холбоотойгоор тусгай мэргэжил шаардсан ажлын байрууд бий болж буй тул одоо ажиллаж буй хүмүүст чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн байна. Тэд сонгон шалгаруулалтад оролцох нь нээлттэй аж.
Сонгон шалгаруулалтын бүртгэлийг ирэх сарын 2-16-нд хийж, эхний үе шатыг нэгдүгээр сарын 20-21-нд явуулахаар төлөвлөжээ. Ингэхдээ хууль, эрх зүй, хөгжлийн бодлого төлөвлөлтийн талаар тестийн шалгалт авах юм. Шалгаруулалтад оролцогчдод бакалавраас доошгүй боловсролын зэрэгтэй, нэг ба түүнээс дээш гадаад хэл эзэмшсэн байх нийтлэг шаардлага тавих бол ахлах менежерт өрсөлдөх хүн найм, менежерийн хувьд таваас доошгүй жил ажилласан байх ёстой. Мэргэжилтэнд ажилласан жилийн шаардлага тавихгүй гэсэн үг.
Шалгаруулалтын хоёр дахь шат нь ярилцлага бөгөөд их, дээд сургууль, иргэд, олон нийт, нэр хүн бүхий компани, аж ахуйн нэгж болон төрийн төлөөлөл бүхий есөн хүнээс бүрдсэн комисс үүнийг хариуцах юм байна. Ярилцлагын шалгалтыг мөн сарын 23-28-нд авч, хоёрдугаар сарын 1-нээс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах нь.